Б.Төгсбилэгт
Алтны салбарын хөгжил зах зээлийн зөв голдиролд орлоо. 2020 онд Монгол Улсын алтны экспорт дээд оргилдоо хүрснийг бид мэднэ. Ингэснээр алтны салбар экспортын орлогын үзүүлэлтээр нүүрс, зэсийн салбартай мөр зэрэгцэх хэмжээнд ирлээ. Өнгөрсөн онд тохиосон экспортын дээд амжилт нь алтны ханшийн оргил үе, цар тахлын амаргүй жилтэй давхцсанаараа манай улсад ихээхэн ашиг тусаа өглөө. Алт нь цар тахлын хүнд үед валютын нөөц бүрдүүлж, төгрөгийн тогтвортой байдлын баталгаа болж буй гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл энэ салбарт үр ашигтай нөөцийг нэмэгдүүлэх, улмаар олборлолтыг өсгөхийн сацуу Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах шаардлага тулгарч байна. Яг энэ чиглэлд Засгийн газар идэвхийлэн ажиллаж байгаа юм.
Зах зээл дээр алтны ханш хэзээ ч ийм сайн байсангүй. Өнгөрсөн оны наймдугаар сард алтны ханш 2011 оны оргил түвшинг давж, 2067 ам.доллар/унц-д хүрч өссөн. Улмаар 2020 оны алтны дундаж ханш 1769.6 ам.доллар/унц-аар тэмдэглэгдлээ. Ханшийн оргил энэ мөчлөгийг манай улс ашиглаж чадсан нь өмнөх 2011-2012 оны ханшийн огцом өсөлтийн үеийнхтэй харьцуулшгүй амжилт юм. Тухайн үед манай улсын олборлолт, экспортын аль аль нь бага түвшинд байсан. Тэгвэл сүүлийн жилүүдийн хандлагаас үзэхэд улсын алтны олборлолт тогтворжиж, энэ салбар зах зээлийн өсөлттэй уялдан хөгжиж буй зөв голдирол тод харагдана.
Цар тахлын хүнд жил Монгол гэлтгүй бусад хэд хэдэн оронд ханшийн өсөлтийг ашиглан төв банкин дахь нөөцийн алтаа арилжив. Цаашид урт хугацаанд алтны ханш зах зээлд илүү өсөлттэй байх төлөв тодорч буй үед манай улс валютын нөөц бүрдүүлэгч алтны салбараа хөгжүүлэх нь нэн чухал. АМГТГ-ын мэдээллээр, алтны ашиглалтын 500 гаруй тусгай зөвшөөрлийн дийлэнх нь шороон ордынх байна. Харин нийт алтны нөөцийн ихэнх нь үндсэн ордод хамаардаг.
Хэдийгээр шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл дийлэнх хувийг эзлэх ч алтны салбарт үндсэн орд ашиглалтын компаниуд нэмэгдэх төлөвтэй. Үүнд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын хэрэгжүүлж байгаа алтны үндсэн ордын Алтан цагаан овоо, Баянхөндий, Цагаан цахир болон бусад төслийг нэрлэж болно. Төрийн зүгээс Хармагтайн алтны үндсэн ордын төслийг ойрын хугацаанд эхлүүлэхээр төлөвлөж байна. Гэхдээ 2020 оны тухайд ердөө ганцхан жилд 30.5 тонн алт экспортолсон манай улс нөөцөө нэмэгдүүлэх бодлогыг яаравчлах шаардлагатай.
Иймд алтны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр шинэ ажил эхлүүлсэн нь Монголын зүүн, баруун нутгийг хамарсан алтны сэдэвчилсэн геологийн томоохон судалгааны төслүүд юм. Уг төслийн нэг баруун болон баруун өмнөд нутгийг хамарсан судалгааны талаарх дэлгэрэнгүй нийтлэлийг MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал бэлтгэн хүргэж байна.
Алтны салбарт бас нэгэн сонирхолтой үйл явдал өрнөж байна. Монгол Улсын алтны экспортын томоохон тоглогч, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степ Голд” компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр болсон нь салбарын чухал үйл явдал. Тус компани Монголын хөрөнгийн зах зээлийн тоглогчдын эгнээнд элсэх болсныг MMJ энэ дугаартаа онцоллоо.
Монгол Улсын алтны экспортын өмнөх дээд амжилт 2005 онд тохиосон. Тухайн үед алтны экспорт 23.8 тоннд хүрч, мөнгөн дүнгээр (331 сая ам.доллар) улсын нийт экспортын даруй 31%-д хүрч байжээ. Харин 2020 оны тухайд нийт хэмжээ 30.5 тонноор илэрхийлэгдэж, мөнгөн дүнгээр (1.79 тэрбум ам.доллар) нийт экспортын 23.6%-тай тэнцсэн юм. Өнгөрсөн онд манай улс дээд амжилтаа шинэчлэн тогтоохдоо биет хэмжээгээр 2005 оныхтой харьцуулахад 28%-иар, орлогын дүнгээр 439%-иар өсчээ. Эндээс алтны зах зээлийн өсөлт манай улсад томоохон боломж авчирч буйг харж болно.
Монгол Улсын экспортод алтны гадаад худалдаа 2002 оноос эхлэн жин дарах болсон. Ийм өсөлт хөгжилт нь зүгээр ч нэг тохиогоогүй, төрийн бодлого шийдвэртэй шууд холбоотой. Сүүлд төрөөс хэрэгжүүлсэн үндэсний “Алт 2” хөтөлбөр зах зээлийн өсөлтийн үед хэрэгжсэнээр ихээхэн оновчтой байсан юм. Дөрвөн жил хэрэгжээд дууссан “Алт 2” хөтөлбөрийн талаар MMJ-ийн сэтгүүлч Г.Идэрхангайн бэлтгэсэн тойм нийтлэлийг энэ дугаараас уншаарай.
Алтны ханшийн өсөлтийн энэ цаг үед хувийн хэвшлийнхэн үндсэн ордын төслүүдээ ашиглалтад оруулах, зарим нь өргөтгөх бодитой ажлууд хэрэгжүүлж байна. Харин төрийн эзэмшлийн төслүүдийн тухай дуулдах ч яг хэдийгээр ашиглалтад орох нь тодорхойгүй хэвээр. Төрийн өмчийн “Эрдэнэс Монгол” компанид алтны зургаан ч ордыг эзэмшүүлсний нэг нь ойрын хугацаанд эдийн засгийн эргэлтэд орох хүлээлттэй “Хармагтай” төсөл юм. Төр ганц олборлолтын асуудлаас гадна Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах том үүрэгтэй. Энэ ажил гагцхүү үйлдвэр завод байгуулаад болчихгүй. Тухайн үйлдвэр нь Лондоны үнэт металын зах зээлийн холбооноос (LBMA) “Good Delivery” гэрчилгээ авах шаардлагатай. Уг гэрчилгээ нь үнэт металыг дан ганц чанар стандартын дагуу цэвэршүүлсэн эсэхээр хязгаарлахгүй мөн тухайн алт нь хариуцлагатай олборлолт бүхий гарал үүсэлтэй байхыг шаарддаг.
Эдгээр өрнөл нь манай улсын алтны салбарын хөгжил зөв чиглэл рүү явж буйг харуулна. Гэхдээ төр, хувийн хэвшилд хийх ажил их байна. Зах зээлийн өсөлт ажлын эрчмийг улам бүр нэмэгдүүлнэ. “Алт 2” хөтөлбөр харьцангуй амжилттай хэрэгжээд дууссан бол одоо зах зээлийн ид өсөлтийн үед энэ салбарын хөгжлийг дэмжих төрийн бодлого үгүйлэгдэж мэдэхээр байгааг Засаг анхааралдаа авах нь зүйтэйг энд тэмдэглэе.