“Turquoise Hill Resources” өчигдөр /2021.03.30/ Хятад, Монголын хил дээрх Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд Оюутолгойн зэсийн баяжмалыг хилээр нэвтрүүлэхийг БНХАУ-ын талаас түр зогсоосон тухай мэдэгдэв. "Оюутолгой" компани Засгийн газартай хамтран тээвэрлэлтийг нэн даруй эргэн сэргээхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр “Оюутолгой” компани баяжмал худалдан авагч Хятадын компаниудад гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй (давагдашгүй хүчин зүйл/force majeure) болсноо зарлаж байна.
“Оюутолгой” компанийн уурхайд Ковид-19-ийн хоёр тохиолдол батлагдсан. Халдвар гарснаас хойш уурхайн ажилтнуудад нийт 9726 удаагийн PCR шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан байна. Гэхдээ ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг түр зогсоосон. Харин ил уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна.
Түүнчлэн хөдөө орон нутаг руу гарах хөдөлгөөнийг хориглосон нь хотоос Оюутолгой уурхайн талбай руу ажилчдыг нэвтрүүлэхэд хүндрэл үзүүлэх болсон. Иймд Оюутолгой компани эрсдлийг бууруулах онцгой байдлын төлөвлөгөө боловсруулж ажиллаж буй ажээ. Компанийн зүгээс нөхцөл байдлыг үргэлжлүүлэн үнэлж дүгнэж, далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд гарах нөлөөллийг тооцоолж байна.
Уг мэдээлэл цацагдсанаар “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны ханш Нью-Йоркийн бирж дээр 3.8%-иар буурч 15.3 ам.доллар болсон ч, хаалтын ханшаар эргээд өсч 16.04 ам.долларт хүрчээ.
Л. Номин