Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд боллоо. Уг ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, “Рио Тинто” групп Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал нар оролцож, гарын үсэг зурав.
Ёслолын нээлтэд “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес үг хэлэхдээ “Манай компани эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадварыг хүртээх алсын хараатай. Гүний уурхайн хамгийн том блокчлон олборлох уурхайн боловсон хүчнийг бэлтгэнэ гэдэг бол бидний хувьд маш чухал зорилт билээ. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын дээд боловсролд томоохон хувь нэмэр оруулах төсөл хэрэгжиж байгаад баяртай байна. Оюутолгой төслийг аюулгүй бөгөөд үр дүнтэй болгоход геотехникийн инженерүүд ихээхэн үүрэгтэй оролцдог юм. “Оюутолгой” компани болон ШУТИС хамтран геотехникийн шинжлэх ухаанд нэгэн том алхмыг хийх боломж бүрдэнэ гэж харж байна” хэмээн тодотголоо.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Уул уурхайн салбарт 60 мянга орчим хүн ажилладаг. Үүний ихэнх нь инженер, техникийн ажилтнууд. Энэ төсөл бол зөвхөн эрдэс баялгийн салбарын гэхээсээ Монголын хөгжлийн ирээдүйд оруулж байгаа том хувь нэмэр юм. Оюутолгой компанид ажилладаг гадаад инженерийг монгол инженерүүдтэй харьцуулахад 3 дахин бага цалин авч байна. Уул уурхайн бусад гол төслүүд дээр ч ийм байгаа. Тиймээс энэ төсөл уг зөрүүг нөхөх том хөрөнгө оруулалт болно. Маш сайн хөтөлбөр, багш, судалгааны лаборатори бэлтгэх юм байна. Хөрөнгө оруулалтын 2.75 сая ам.долларын нэг сая ам.долларыг нь геотехникийн том лаборатори бий болгоход зориулж байгаа гэж ойлгосон. Энэ лаборатори зөвхөн ШУТИС-ийн биш, Монгол Улсын уул уурхайн бусад салбарт ч хэрэглэгдэх лаборатори болох гэж байгаад би баяртай байна. Энэ лабораториор дамжиж төгссөн оюутнууд Эрдэнэт, Цагаан суварга зэрэг төсөлд гадаадын инженерүүдтэй ижил цалин авч ажиллах боломжтой болно. Түүнчлэн энд бэлтгэгдсэн инженерүүд “Рио Тинто” шиг дэлхийн томоохон төслүүдэд ажиллах үүд хаалга нээгдэж байна” хэмээн мөн онцолсон.
Уг гарын үсэг зурах ёслолд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд “Дэлхий дээр жилд 100 сая машин борлогддог. Үүний 5 сая нь цахилгаан машин. 10-15 жилийн дараа нийт машины 30% нь буюу 30 сая машин цахилгаан болох юм. Нэг цахилгаан машинд 92 кг илүү зэс орж байна. Зэс ирээдүйд чухал ач холбогдолтой. Монгол Улсад ч тэргүүлэх байр суурь эзлэх боломж байгаа” гэлээ. Тэрээр мөн “Дэлхий дээр жилд 22 сая тонн зэс олборлож байна. Үүний 5 сая тонныг Чили, 2.5 сая тонныг Перу улс олборлодгоороо тэргүүлдэг юм. Монгол Улс зэсийн үйлдвэрлэлээ жилд 700 мянга, 1 сая тоннд хүргэх нөөцтэй. Энэ алтан боломжийг угтаж гүний уурхайг ашиглалтад оруулах хэрэгтэй байгаа юм. Тиймээс Монголоос зөвхөн зэс биш эрдмийг экспортолно гэдэгт баяртай байна” гэсэн юм.
ШУТИС өнгөрсөн 60 жилийн түүхэнд уул уурхайн геотехникч бэлдэж байгаагүй гэдгийг тус сургуулийн захирал Б.Очирбат онцлоод, “Энэ төслийн хүрээнд манай сургууль орчин үеийн сургалт судалгааны томоохон лабораторитой болно. Лаборатори нь тус сургуулийн Эрдэм шинжилгээ, технологийн төв байрны долдугаар давхарт байрлаж үйл ажиллагаагаа явуулах юм” гэлээ.
Г.Идэр