Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Ерөнхийлөгч Жо Байден 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй төлөвлөгөө танилцууллаа 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нь дэд бүтцийг шинэчлэн өргөтгөх, нүүрсхүчлийн хийн ялгаралгүй технологийг нэвтрүүлэх, аж үйлдвэр, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэхэд 2.3 их наяд ам.долларын санхүүжилттэй 8 жилийн хөтөлбөрийн төлөвлөгөөний талаар мэдэгдлээ. Төлөвлөгөөнд тусгаснаар, 650 тэрбум ам.долларыг зам тээврийн дэд бүтцэд зарцуулна. Тэр дундаа, нисэх онгоцны буудлууд, дотоодын усан зам, авто зам болон гүүр шинээр барьж байгуулах зэрэг нийтийн тээврийн чиглэлд 85 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. Мөн 174 тэрбум ам.долларыг цахилгаан тээврийн хэрэгслийг хөгжүүлэхэд зарцуулна. Тухайлбал, цахилгаан тээврийн хэрэгсэл худалдан авагч бүрт 7.5 мянган ам.долларын татаас төрөөс олгох ажээ. Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцын тоог одоогийн 41 мянгаас 500 мянга болгон нэмэгдүүлэх зорилттой. Орон сууцны дэд бүтцэд 650 тэрбум ам.долларын санхүүжилт төсөвлөжээ. Мөн “цэвэр” эрчим хүчний төслүүдийг төрөөс дэмжихэд 180 тэрбум ам.доллар зарцуулахаар тусгажээ. 

АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 8 жилийн энэхүү төлөвлөгөө нь тус улсын уул уурхай, металлургийн компаниудын үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх хүлээлт үүсгэжээ. “American Iron and Steel” хүрээлэнгийн судалгаагаар, дэд бүтцэд зарцуулах 1 тэрбум ам.доллар бүрт гангийн бүтээгдэхүүний эрэлт 45 мянган тонноор нэмэгддэг байна. Засгийн газрын тус хөтөлбөрт “Америкийн бүтээгдэхүүнийг худалдан авах” (Buy American) зарчмыг ашиглахаар онцгойлон тусгасан бөгөөд үндэсний үйлдвэрлэлийн бараа материалыг ашиглах шаардлага тавигдах аж. Хөтөлбөр хэрэгжсэнээр эрчим хүч, цахилгаан автомашин, цэнэглэх станцад ашигладаг зэс, никель, лити болон бусад металлын эрэлт эрс нэмэгдэнэ гэж зах зээлийн шинжээчид үзэж байна.

Гэхдээ энэхүү төлөвлөгөөг одоо АНУ-ын Конгрессийн танхим батлах ёстой. Үүнтэй ижил төстэй санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп 2017 онд олон нийтэд танилцуулж байсан ч Конгрессоос дэмжлэг аваагүй тул хэрэгжээгүй юм.

Э.Од