Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар (2021.03.21) Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцжээ.
ЗТХ-ийн сайд гүйцэтгэл удаашралтай байгаа хэсгүүдийн учир шалтгааныг тодруулж, хариуцсан байгууллага, хүнтэй холбогдон арга хэмжээ авч, гүүр хоолойд хийх шаардлагатай нэмэлт ажиллагаа, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах арга зам, гарц шийдлийн талаар гүйцэтгэгч нартай санал солилцож тодорхой үүрэг чиглэл өгсөн байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр үргэлжлэх бөгөөд I зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй төмөр зам юм. Анх удаа Монголд уулзваргүй төмөр зам барьж буйгаараа онцлогтой. Тус төмөр зам барих ажилд 460 инженер, техникийн ажилтан, 1500 гаруй ажилчин, 754 машин, механизм ажиллаж байна. Захиалагч нь “Тавантолгой төмөр зам” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 35 аж ахуйн нэгж ажиллаж буй юм.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сум, Дорноговь аймгийн Мандах, Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэрийг хамран үргэлжилнэ. Захиалагч нь "Монголын төмөр зам" ТӨХК, доод бүтцийн ажлын Ерөнхий гүйцэтгэгч Зэвсэгт хүчний жанжин штаб, дээд бүтцийн ажлын eрөнхий гүйцэтгэгч "Улаанбаатар төмөр зам" ХНН болон дотоодын 104 аж ахуйн нэгжийн хамтын хүчээр барьж байгуулж байна.
Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам