Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Baowu” групп өнгөрсөн онд 115 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 19.8%-иар өсчээ. Хятадын төрийн компанийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсэн нь гангийн үйлдвэрүүдийг групптээ нэгтгэн, худалдаж авсантай холбоотой аж. Тухайлбал, 2019 онд групптээ нэгтгэсэн “Magang Steel” компани л гэхэд өнгөрсөн онд 20.97 сая ган үйлдвэрлэсэн байна.
2020 онд “Baowu” нь TISCO болон “Kunming Iron and Steel” зэрэг гангийн үйлдвэрүүдийг эзэмшсэн юм. Одоо “Shandong Iron and Steel”-ийг эзэмших хэлэлцээр хийж байна. “Shandong Iron and Steel” өнгөрсөн онд 16.27 сая тонн ган үйлдвэрлэжээ. Тус үйлдвэрээс гадна төлөвлөж буй бусад гангийн компаниудыг эзэмшсэнээр “Baowu” группын гангийн нийт үйлдвэрлэлийн жилийн хүчин чадал 155 сая тоннд хүрнэ гэж тооцож буй.
Өнгөрсөн онд “Baowu” группын цэвэр ашиг 45.6 тэрбум юань буюу 6.9 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь тус группын 2019 оны цэвэр ашигтай харьцуулахад 32%-иар өссөн үзүүлэлт болж байна.
Хоёрдугаар сард “Fitch Ratings” агентлагаас “Baowu” группын зээлжих зэрэглэлийг “А” ангилалд хэвээр үлдээсэн билээ.
Э.Од