Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монголбанк: 2021 онд инфляц 7.2% байх төлөвтэй

Төв банкнаас улирал бүр танилцуулдаг инфляцын үзүүлэлт шинэчлэгджээ. Инфляцад үзүүлэх эрэлт, нийлүүлэлтийн хүчин зүйлсийн нөлөө ирэх саруудад нэмэгдэхээр байгааг онцолсон байна. Эрэлтийн хүчин зүйлийн хувьд инфляцад үзүүлэх нөлөө нь эдийн засгийн идэвхжлийг даган аажмаар нэмэгдэх хандлагатай аж. Цаашлаад нийлүүлэлт талаасаа үнийн огцом хэлбэлзэл үүсэхгүй гэж үзвэл 2021 онд инфляц төв банкны зорилтот түвшинд (6%±2%) хадгалагдах хүлээлттэй байна.

Монголбанкны төсөөллөөр 2021 онд инфляц 7.2% байх бөгөөд (5.5-9.0) хооронд хэлбэлзэх төлөвтэй.  Харин 2022 онд 5.8% буюу (4.3-7.3) байх таамаг дэвшүүлжээ. Инфляцын төсөөллийг өөрчилж болзошгүй хэд хэдэн хүчин зүйлийг Монголбанк нэрлэсэн байна. Тухайлбал Засгийн газар болон Монголбанкнаас хэрэгжүүлж буй эдийн засгийг сэргээх арга хэмжээний үр нөлөө хүлээлтээс өндөр байх, төрийн томоохон төслүүд зэргээс инфляцын төсөөлөл өөрчлөгдөнө. Нөгөөтэйгүүр, дотоод дахь КОВИД-19 цар тахлын халдвар эрчимжиж, улмаар дахин хатуу хөл хорио тогтоох, хугацааг сунгах тохиолдолд эдийн засгийн идэвхжлийг сулруулж, инфляцыг бууруулах нөлөөтэй гэж үзжээ. Цар тахлын тархалт эрчимжиж гадаад орчинд тодорхой бус байдал нэмэгдэх тохиолдолд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ болон манай улсыг чиглэх хөрөнгийн урсгалд сөргөөр нөлөөлнө. Улмаар төгрөгийн ханшид ирэх дарамт нь инфляцыг нэмэгдүүлэх хүчин зүйл болно гэжээ.

 

Л. Номин