Гурвантэс суманд тэг зогсолт хийсэнтэй холбоотойгоор Шивээхүрэн боомтын нүүрсний экспортыг зогсоогоод байсан юм. Тэгвэл дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн нүүрс тээвэрлэсэн цөөн тооны машиныг нэвтрүүлж байна. Тодруулбал өнөөдрийн байдлаар (2021.04.06) тус боомтоор 91 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Өчигдөр (2021.04.05) тус боомтоор 88 машин нэвтэрсэн тухай Шивээхүрэн дэх Гаалийн газар мэдээлэв. Нүүрс нэвтрэлт удааширсны улмаас тус боомтын авто зам дээр 800 гаруй машины цуваа үүсчээ.
Дотоодын жолооч нар өглөө PCR шинжилгээ өгч, үд орчимд шинжилгээний хариу гармагц тээврийн хэрэгсэлтэйгээ Хятадын хилийн боомтоор нэвтрэх зарчмаар Монголын нүүрсний экспорт үргэлжилж байна.
Өчигдөр Шивээхүрэн боомт, нүүрс тээврийн автозамыг бүрэн хэмжээнд ариутгажээ. Одоогийн байдлаар боомтын ажилтнууд, нүүрс тээврийн жолооч, уурхайн бүсийн ажилтнуудад вакцинжуулалтын эхний тунг бүрэн хийж дуусчээ. Цаашид бүсийн хэмжээнд халдвар гарахгүй, нөхцөл байдал тогтворжсон тохиолдолд Хятадын талаас нүүрс татан авалтыг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Гурвантэс сумын вакцинжуулалтын насны нийт иргэдийг өнгөрсөн Ням гаригаас (2021.04.04) эхлэн сумын төв дээр вакцинжуулалтад хамруулж эхэлжээ.
“Саусгоби Сэндс” компанийн уурхайд КОВИД-19-ийн сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Гурвантэс сум гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл тэг зогсолт хийсэн. Одоогоор Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг компаниудын олборлолт хумигдсан ч тодорхой хэмжээгээр үргэлжилж байна. Нөгөөтэйгүүр энэ бүсийн нүүрсний уурхайнууд ээлж солихгүйгээр ажиллаж байгаа ажээ.
Б. Төгс