Монгол Улсын экспортын гол боомтуудын нэвтрэлтийг дэмжих чиглэлээр, тухайлбал Шивээхүрэн боомтоор нүүрсийг чингэлэг тээврээр экспортлох тухай тогтоолыг ирэх долоо хоногийн лхагва гаригт (2021.04.13) Засгийн газрын хуралдаанд оруулахаар УУХҮЯ-наас бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал холбогдох яамдаас санал авах шатанд явж байгаа тухай УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа мэдээллээ.
Богино зайд цөөн тооны машинаар чингэлэг тээвэр хийхэд тухайн боомтын нүүрсний экспортын хэмжээг 10 сая тонноор бодитой нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоо гараад буй юм. Чингэлэг тээвэр нь хурдан шуурхай ачиж буулгахаас гадна тоосжилтыг бууруулах талаасаа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл бага байх давуу талтай.
Чингэлэг тээврийг Монгол, Хятадын тал аль аль нь дэмжиж байгаа. Тэгэхээр Шивээхүрэн боомтод задгай тээврийн талбайтай зэрэгцээ чингэлэг тээвэр бүхий терминалын талбай байгуулах, боомтоор нэмэлт гарц хийх юм. Чингэлэг тээвэртэй холбоотой Засгийн газрын тогтоол гарснаас хойш 1-2 сарын хугацаанд терминалыг барьж байгуулах ажил хийгдэнэ. Бүтээн байгуулалтад зориулан Шивээхүрэн боомтод 11.5 га газарт нягтаршуулсан талбай бэлтгэсэн. Чингэлэг тээврийн терминалын зураг төслийг Сангийн яамны “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгж хийж байгаа юм. Энэ ажлыг УУХҮ болон Сангийн сайд нар дэмжсэн. Мөн Шивээхүрэн боомтоор нүүрсний экспорт хийж буй “Монголын Алт” компанийн зүгээс ч өөрсдийн санал санаачилгаар оролцож байна.
Э.Од