УОК, Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу дөрөвдүгээр сард уурхайн ажилчдын ээлж солих явцыг түр зогсоож, ажилчдыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтад уул уурхай, хүнд үйлдвэрийн салбараас нэн түрүүнд хамрагдах шаардлагатай уул уурхайн экспортын тээврийн нийт 7307 жолооч нар эхний тун бүхий вакцинд хамрагдсан. Тэгвэл хоёр дахь тунгийн вакцинжуулалт дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх аж.
Гэрэл зураг: "Эрдэнэс Тавантолгой" ХК
Уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч уурхайн нийт 38.8 мянга гаруй ажилчдын вакцинжуулалтыг 5 чиглэлээр төлөвлөсөн. Эхний 2 чиглэл буюу Тавантолгой, Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордын уурхайн ажилчдыг вакцинд хамруулах ажлыг эхлүүлж гуравдугаар сарын 28-ны байдлаар 84 аж ахуйн нэгжийн 9068 ажилчдыг вакцинд хамруулсан ба хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ.
Мөн төвийн бүсийн 7 аж ахуйн нэгжийн 17294 вакцины тунгийн хангалтыг тухайн орон нутгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байна. Ингэснээр “Шивээ-Овоо” ХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК, “Шарын гол” ХК-ийн ажилчдыг 100% вакцинд хамруулна. “Эрдэнэт үйлдвэр” нь 12 мянган вакцины тунгийн татан авалтыг хийсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 4000 гаруй ажилчдыг вакцинд хамруулжээ. Ийнхүү уул уурхайн салбарын нийт 23511 ажилтан вакцинд хамрагдсан байна. Түүнчлэн зүүн болон баруун бүсийн 8 уурхайн 5164 ажилчдыг вакцинжуулалтад хамруулах ажлын бэлтгэлийг хангаж байна.
Л.Номин