Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Чили хилээ хааснаар зэсийн ханш өсөв

Дэлхийн зэс олборлолтоор тэргүүлэгч Чили улс КОВИД-19-ийн дотоодын тархалтыг бууруулах зорилгоор өнгөрсөн пүрэв гаригт (2021.04.01) хилээ хаах болсноо зарласан. Тус улс хилээ хаах болсноор өчигдөр Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр зэсийн ханш тонн тутамдаа 9125 ам.долларт (~4.14 ам.доллар/фунт) хүрч нэмэгдсэн байна. Зэсийн ханш гуравдугаар сарын 23-наас эхлэн буурах хандлагатай байсан нь ийнхүү эргээд өсч эхэллээ.

Чилид өдөрт халдвар авах хүний тоо дээд хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор тус улс хилээ хаахаар шийдвэрлэжээ. Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар тус улсад 8079 хүн шинээр халдвар авсан нь дээд хэмжээнд тооцогдсон байна. Ингэснээр Чилийн эрүүл мэндийн салбарт ачаалал эрс нэмэгджээ.

Чилийн иргэд болон тус улсын нутаг дэвсгэрт амьдарч буй гадаадын иргэд хилээр орох, гарах хөдөлгөөн дөрөвдүгээр сарыг дуустал бүрэн хаагдах юм. Ийнхүү тус улс энэ сарын турш хилээ хаах шийдвэр өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ уул уурхайн компаниудын нэн шаардлагатай цөөн тооны ажилтнуудыг гадаад орноос уурхайн талбайд авчрах зөвшөөрөл олгох ажээ. Чили улс хилээ хаах болсноор дотоодын уурхайнуудын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн үйлчилгээ удаашрах сөрөг нөлөө гарч болзошгүй байна.

Дотоодын уул уурхайн компаниуд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж ажиллахыг тус улсын Засгийн газар үүрэг болгожээ. Энэ салбарын тогтвортой үйл ажиллагаа нь Чилийн эдийн засгийн гол хөдөлгүүр болдог.

Тус улсад вакцинжуулалтын явц сайн байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар Чилийн 19 сая иргэний 37% нь вакцины эхний тунгаа хийлгэжээ. Гэвч эрчимтэй вакцинжуулалтын зэрэгцээ өвчний тархалт нэмэгдэж буй эсрэг дүр зураг тодрох болсон нь сургууль, спортын фитнесс төвүүдийг нээсэнтэй  холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард тус улс 430.1 мянган тонн зэс үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 4.8%-иар буурчээ.

Б.Төгс