Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Хятад 2.5 тэрбум тонн нөөцтэй төмрийн хүдрийн ордыг ашиглалтад оруулна 

2022 оны зургаадугаар сард Хятадад төмрийн хүдрийн “Sishanling” ордын уурхайн эхний үе шат ашиглалтад орно гэдгийг Ляонин муж дахь Бэньси хотын намын хорооноос мэдэгджээ. Энэхүү төслийг гангийн “Jianlong” групп хэрэгжүүлж байна. Өмнө нь төлөвлөсөн ашиглалт оруулах хугацааг хагас жилээр наашлуулж буй.

Хятадын томоохон ордуудын нэгд тооцогддог “Sishanling” нь 2.5 тэрбум тонн төмрийн хүдрийн батлагдсан нөөцтэй. Хүдэр дэх төмрийн дундаж агуулга 31.19% буюу тус улсын уурхайнуудын хувьд өндөр агууламжтайд тооцогддог байна. Гэсэн ч энэ нь Гвинейн Симандоу болон Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудын агууламжийн дэргэд бага агуулгатай харагдаж байна.  

Төслийг хэрэгжүүлж буй “Jianlong” групп уурхайн эхний үе шатанд 5.81 тэрбум юанийн (ойролцоогоор 888 сая ам.доллар) хөрөнгө оруулжээ. Тухайн үе шатанд жилд 15 сая тонн хүдэр олборлож, 5.31 сая тонн баяжмал үйлдвэрлэхээр тооцсон аж. Цаашдаа уурхайн үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 30 сая тонн хүдэр олборлох, 10 сая тонн баяжмал үйлдвэрлэх хэмжээнд хүргэх зорилттой.

Үлэмж нөөцтэй энэхүү төслийг хэрэгжүүлснээр төмрийн хүдрийн импортын хараат байдал буурна гэж Хятадын ган үйлдвэрлэгчид үзэж байна.

БНХАУ-ын Үндэсний статистикийн газрын мэдээллээр, тус улс оны эхний хоёр сард нийт 129.3 сая тонн төмрийн хүдэр олборложээ. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.3%-иар өссөн байна.

Э.Од