Монголбанкны зүгээс ФАТФ-ын зөвлөмжийн дагуу виртуал хөрөнгийн хөрөнгийн үйл ажиллагааг зохицуулахаар хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж буйгаа өнгөрсөн сард мэдэгдсэн билээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэлжүүлж, мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хүрээнд үйл ажиллагаанд нь хяналт тавихаар хуулийн төсөлд тусгажээ.
Виртуал хөрөнгө гэгдэх биткойн дээр суурилсан “Блокчейны хэрэглээг нэвтрүүлснээр хөгжилд хүрэх салбарууд” сэдвийн хүрээнд Блокчейн, Криптовалют судлаач Б.Гантигтай цахим уулзалт хийсэн байна. Блокчейн бол анхлан биткойныг шилжүүлсэн тухай мэдээллийг хадгалах, эргэн харах боломж бүхий бүртгэлийн систем аж. Гэхдээ блокчейныг өөрчлөх болон нөлөөлөх огт боломжгүй нь давуу талтай. Тиймээс уг технологийн давуу талыг өөр олон салбарт нэвтрүүлэх боломжтой гэж судлаач үзэж байна. Одоогийн байдлаар блокчейныг сонгуулийн санал хураалт, даатгалын бүртгэл, эрүүл мэндийн дата, урлаг соёлын бүртгэл, төрийн үйлчилгээ зэрэг бүх төрлийн бүртгэлд дата байдлаар ашиглах боломжтой гэнэ. Түүнчлэн, эд хөрөнгө шилжүүлэх үйлчилгээ болон хөрөнгийн биржид блокчейныг хэрэглэж болох аж.
Криптовалют бол ам.доллар, юаньтай адил гүйлгээ хийх хэрэгсэл юм. Тус валютыг аль нэг улс эзэмшдэггүй бөгөөд засаглалын хувьд ялгаатай байдаг байна. Криптовалютыг 2020 онд улс орнууд хэрэглээнд нэвтрүүлэх, томоохон компаниуд худалдан авах нь эрс нэмэгджээ. Тухайлбал БНХАУ “e-Yuan” криптовалют гаргасан нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байгаа бөгөөд биткойны хэмжээнд хүрнэ гэж шинжээчид үзэж байна. Тус улс нь блокчейныг бусад салбартаа нэвтрүүлэхээр зорьж буй. Хятадын хэд хэдэн хотод дижитал валютын бодит туршилтыг эхлүүлжээ.
Тэгвэл АНУ-ын хөрөнгийн зах зээлийн компаниуд “Fidelity”, “PayPal” криптовалютын үйлчилгээг 2020 онд нэвтрүүлсэн байна. “Coinbase” компани криптовалютын хамгийн том бирж бөгөөд IPO гаргахаа мэдэгджээ. “Теsla” компани 1.5 тэрбум ам.доллараар биткойн худалдан авсан аж. Харин “Facebook” компани нь Diem нэртэй өөрийн криптовалютыг гаргасан байна.
Л.Номин