Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Рио Тинто” Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн төлөвлөгөөг “Туркойз Хилл Ресурс”-тэй тохирлоо

Рио Тинто Монгол Улс дахь Оюутолгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгахад шаардлагатай санхүүжилтийн шинэчилсэн төлөвлөгөөний хүрээнд Туркойз Хилл Ресурс компанитай ерөнхий зохицуулалтын гэрээ байгууллаа. Өмнө нь 2020 оны есдүгээр сарын 9-ний өдөр Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс”-ийн хооронд байгуулсан санамж бичигт үндэслэн, энэхүү шинэчилсэн санхүүжилтийн төлөвлөгөөгөөр ойролцоогоор 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн болно.

Тус гэрээний дагуу, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгийг авч, цаг хугацаа, гүйцэтгэх боломж, нөхцөлийг хоёр тал хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс дараах нөхцөлүүдийг харилцан тохиролцов. Үүнд:

-Гүний уурхайн шинэчилсэн төлөвлөгөө, төслийн хугацаа болон мөнгөн урсгалтай уялдуулж, одоо хэрэгжиж буй гүний уурхайн төслийн санхүүжилтийн зохицуулалтын дагуу 1.4 тэрбум ам.доллар хүртэлх зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах;

-Сонгогдсон олон улсын санхүүгийн байгууллагуудаас төслийн санхүүжилтийн одоогийн зохицуулалтын дагуу 500 сая ам.доллар хүртэлх нэмэлт давуу эрхтэй зээлийн эх үүсвэр босгохыг эрэлхийлэх;

-Рио Тинто нь хамтын зээлийн эх үүсвэрийг Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй ижил нөхцөлөөр хангаж, төслийн санхүүжилтийн 750 сая ам.доллар хүртэлх зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах болон зээлийн нэмэлт эх үүсвэр татсаны дараа дутагдах эх үүсвэрийн санхүүжилтийг босгох;

-Туркойз Хилл Ресурс нь хамтын зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш зургаан сарын хугацаанд үлдсэн санхүүжилтийн дутагдлыг нөхөх зорилгоор 500 сая ам.доллар хүртэлх үнээр энгийн хувьцааны эрхээ санал болгох, байршуулах ажлыг дуусгавар болгох үүрэг хүлээв.

Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Баатарын Болд “Туркойз Хилл Ресурстэй байгуулсан энэхүү зохицуулалтын гэрээ нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайнуудын нэг болж, ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулах Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг амжилттай гүйцэтгэхэд чухал үйл явдал юм. Монгол Улсын Засгийн газартай нээлттэй хэлэлцээ хийж, дэвшүүлж буй санал, шийдлийг анхааралтай сонсож, хамтран шийдвэрлэхийн зэрэгцээ төслийн санхүүжилтийн зээлийн үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах нь Оюутолгойн гүний уурхайн төслийг төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэлээ эхлүүлэхэд түлхэц үзүүлэхүйц шийдвэрлэх алхам болно.” гэж хэллээ.

Туркойз Хилл Ресурс компанийн гүйцэтгэх захирлын түр орлон гүйцэтгэгч Стив Тибо “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх талаар Рио Тинто”-той харилцан ашигтай тохиролцоонд хүрсэндээ бид баяртай байна.” хэмээн онцлоод “Одоогийн төлөвлөгөөнд хүрэхийн тулд зайлшгүй авах арга хэмжээ болох ерөнхий зохицуулалтын гэрээг байгуулснаар бид Оюутолгойн гүний уурхайн төслийн бүтээн байгуулалтыг хурдан ахиулах боломжтой болно. Бид бүхий л оролцогч талууд, түүний дотор Монгол Улсын Засгийн газар, Монгол улсын иргэдэд үр өгөөжөө өгч, гүний уурхайн үйлдвэрлэл эхлэхэд Туркойз Хилл Ресурс”-ийн урт хугацааны үнэ цэнийг бий болгохоор тууштай ажиллаж байна.” гэж нэмж хэлэв.

Мөн Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс хоорондын арбитрын маргаан түүнээс гарсан шүүхийн шийдвэр, энэ дундаа түр арга хэмжээ авах тушаалыг хэрэгсэхгүй болгохоор талууд тохиролцсон болно.

 

 

Эх сурвалж: "Рио Тинто Монгол" ХХК