Австрали дахь нүүрсний компаниудын үйлдвэрлэлийн талаарх судалгааны тайлангаа Их Британийн “GlobalData” байгууллагаас танилцуулжээ. Уг тайлангаар, 2021 онд нүүрсний томоохон олборлогч 10 компани болох “Coal India”, “Shenhua”, “Yanzhou Coal”, “Peabody”, “China National Coal”, “Glencore”, “Siberian Coal”, “PT Bumi”, BHP болон “Arch Resources” нь нийт 1.68-1.74 тэрбум тонн нүүрс олборлох төлөвтэй байна. Эдгээр компанийн нүүрсний нийт олборлолт өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 6.6%-иар нэмэгдэх таамгийг дэвшүүлжээ.
Нүүрсний үйлдвэрлэл сэргэж буйг тайланд тэмдэглэсэн байна. Учир нь дээрх 10 компани нь 2019 онд нийт 1.7 тэрбум тонн нүүрс олборлож байсан бол КОВИД-19 цар тахал дэгдсэн өнгөрсөн онд олборлолтын хэмжээ 4.2%-иар буурч 1.6 тэрбум тоннд хүрчээ. 2020 онд “Arch Resources” 28.6%, “PT Bumi” 24.9%, “Glencore” 23.9% болоод “Peabody” 21.8%-иар тус тус буурсан нь хамгийн муу үзүүлэлтэд тооцогдож буй. Гэхдээ зөвхөн цар тахлын нөхцөл байдал нүүрсний олборлолтод нөлөөлөөгүй болохыг тайланд тайлбарлажээ. Тухайлбал, “Prodeco” уурхайн техникийн шинэчлэл, “Cerrejon” уурхайн ажилчдын бослого хөдөлгөөн 4 сар үргэлжилсэн зэрэг хүчин зүйлс ч тодорхой хэмжээгээр үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлсөн байна.
Гэрэл зураг: www.mining.com
“Arch Resources”-ийн (хуучнаар “Arch Coal”) нүүрсний олборлолт буурсан нь 2019 оны сүүлчээр “Holden” ил уурхайгаа худалдсантай холбоотой. Түүнчлэн, 2020 оны хоёрдугаар улиралд “Viper” уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон нь мөн олборлолтод нөлөөлжээ. Коронавирусын халдвараас гадна хүчтэй бороо, үерийн улмаас “PT Bumi” компанийн нүүрсний олборлолт огцом буурахад хүрсэн аж. “Peabody”-ийн хувьд “Shoal Creek” уурхайд туузан дамжуургын (конвейер) систем нэвтрүүлэх ажил нь компанийн нүүрсний олборлолтын хэмжээ буурах гол шалтгаан болжээ. Мөн тус компани 2019 онд “Kayenta” болон “Cottage Grove”, 2020 онд “Wildcat Hills” уурхайнуудаа хаасны сацуу гол төслүүдийн нэг “Wambo” далд уурхайн үйл ажиллагааг 59 хоног зогсоосон зэрэг нь олборлолтын үйл ажиллагаа тасалдахад хүргэсэн байгаа юм. “BHP”-ийн коксжих нүүрсний олборлолтын хэмжээ багасахад “Saraji”, “Caval Ridge” уурхайнуудад засвар үйлчилгээний ажил хийгдсэн нь нөлөөлсөн байна. Эрчим хүчний нүүрсний тухайд тус компанийн “Cerrejon” уурхайн ажилчдын бослого хөдөлгөөн нь бүтэн улирлын үйлдвэрлэлийг зогсоожээ.
Харин Хятадын хөрөнгө оруулалттай “Shenhua”, “Yanzhou” болон “China National Coal” компаниудын нүүрсний олборлолт өссөн нь 2020 оны хоёрдугаар хагаст Хятадын эдийн засаг сэргэсэнтэй холбоотойг “GlobalData”-ийн тайланд онцолжээ.
КОВИД-19 цар тахлын эсрэг вакцинжуулалтын явц нь энэ онд нүүрсний компаниудын үйлдвэрлэл сэргэхэд гол нөлөө үзүүлнэ гэж шинжээчид үзэж байна.
Э.Од