Монгол Улсын Засгийн газрын “Мазаалай” бондын үлдэгдэл 132.6 сая ам.долларын төлбөрийг (2021.04.06) бүрэн төлсөн талаар Сангийн яам мэдээллээ. 2016 онд 500 сая ам.долларын энэхүү бондыг 5 жилийн хугацаатай, 10.875%-ийн хүүтэй олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаалсан юм. “Мазаалай” бондоос гадна “Кредит свисс” банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг (2021.03.15) мөн барагдуулсан байна.
2019 онд УИХ-ын 55 дугаар тогтоолоор “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг”-ийг баталсан билээ. Тус стратегийн баримт бичгийн нэгдүгээр зорилтод “Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас, зээлийн төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна” гэж заасан.
Энэ дагуу өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газраас “Номад” бондын өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд 2021 онд эргэн төлөх “Мазаалай”, 2022 онд “Чингис” бондуудын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлсэн юм. Улмаар 10.875%-ийн хүүтэй “Мазаалай” бондын тодорхой хэсгийг 5.125%-ийн хүүтэй “Номад” бондоор дахин санхүүжүүлж, үлдэгдэл төлбөр болох 139.8 сая ам.долларыг (хүүгийн төлбөрийн хамт) Монгол Улс макро эдийн засаг, төсөв, санхүүгийн дарамтгүйгээр ийнхүү төлжээ.
Эх сурвалж: Сангийн яам