Монгол-Хятадын нүүрсний гол боомт болох Гашуунсухайт-Ганцмодны нэвтрэлт гуравдугаар сарын дундаас огцом буурсан. Учир нь Хятадын талаас КОВИД-19-ийн халдвараас сэргийлэх арга хэмжээгээ эрс чангатгах болсон юм. Цаашид боомтын нэвтрэлт хэдийд сэргэх эсэх нь тодорхойгүй байна. Үүний улмаас дөрөвдүгээр сард Монголын нүүрсний экспорт буурч 900 мянган тоннд хүрэхгүй байх төлөвтэйг Хятадын нүүрсний мэдээллийн “Фэнвэй Энержи” агентлаг мэдээлэв.
Дөрөвдүгээр сарын 6-8-ны хооронд Гашуунсухайттай хиллэх Хятадын Ганцмод боомтоор нүүрсний тээврийн нийт 46 машин нэвтэрчээ. Нэвтрэлт огцом буурахаас өмнө нь тус боомтоор өдөрт 400 орчим машин нэвтэрч байжээ.
Нүүрс татан авалт буурсантай холбоотойгоор Хятадын хилийн ойролцоох бүс нутагт Монголын коксжих нүүрсний ханш нэмэгдсэн байна. Тухайлбал, Монголоос импортолдог сайн чанарын түүхий коксжих нүүрсний үнэ өнгөрсөн долоо хоногт нэг тонн нь 1120-1150 юань байсан бол боловсруулсан коксжих нүүрснийх 1400-1450 юаньд хүрсэн нь сарын өмнөхөөс 70-110 юаниар өсчээ.
“Фэнвэй Энержи”-ийн мэдээнд, Монгол Улсын дотоодод коронавирусын халдварын тохиолдол 500-аас дээш байгаа нөхцөлд Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэлт сэргэх эсэх нь эргэлзээтэйг тэмдэглэсэн байна.
Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, гуравдугаар сард манай улс 2.14 сая тонн нүүрс экспортолжээ. Ердийн үед өмнө нь манай улс сард дунджаар 3-4 сая тонн нүүрс Хятад руу экспортлох боломжтой. Оны эхний улиралд Монгол Улс нийт 6.67 сая тонн нүүрс экспортлоод байна. Тэгвэл дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар нүүрсний экспортын нийт хэмжээ 7.02 сая орчим тонн байгааг УУХҮЯ мэдээлсэн.
Б. Төгс