Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Монголын нутгаар дамжуулах хийн хоолойн төслийн судалгааг баталжээ

ОХУ-ын байгалийн хийн транзит тээврийн “Союз Восток” төслийн барилгын техник-эдийн засгийн судалгааг (2021.04.12) баталсан тухай “Газпром” компани мэдээлжээ. Энэхүү төсөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах байгалийн хийн “Сибирийн хүч 2” хоолойн нэг хэсэг болох юм.

Техник-эдийн засгийн судалгааны хүрээнд, хийн хоолойг Монголын нутгаар дамжин өнгөрөх боломжит чиглэл болон үргэлжлэх урт, диаметрын хэмжээ, даралт, шахах станцуудын тоог тодорхойлжээ. Ингэснээр уг төслийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн үр ашигтай байх урьдчилсан тооцоолол гарчээ. Хийн хоолойг Ямалын ордын баруун талаас Кранснояр мужийн нутаг хүртэл татахаар зураглажээ.

Дараагийн үе шат буюу ТЭЗҮ-ийг (ТЭЗҮ-ийг батлах, хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалт) энэ онд багтаан боловсруулахаар “Газпром” компани төлөвлөж буйг мэдээндээ дурдсан байна. Төслийн ТЭЗҮ-ийг  тусгай үүргийн “Газопровод Союз Восток” компани боловсруулна.

2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчлах үеэр Монгол Улсын Засгийн газар, “Газпром” компани хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан билээ. Улмаар Орос, Монголын тал хамтарсан Ажлын хэсгийн 2021–2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг (2021.03.11) баталсан юм. Ингээд төслийн зураг төсөл, судалгааны ажил, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий “Газопровод Союз Восток” компанийг байгуулан Монгол Улсад албан ёсоор (2021.01 сар) бүртгэсэн. 

Ямалын ордоос жилд 50 тэрбум шоо метр байгалийн хийг Монголын нутгаар дамжуулан “Сибирийн хүч 2” хоолойгоор Хятад руу экспортлох зорилттой. Энэ нь Оросоос байгалийн хий Хятад руу  нийлүүлэх хоёр дахь төсөл юм.

”Сибирийн хүч 1” төслийн тухайд, Оросын “Газпром” компани, Хятадын Газрын тос, байгалийн хийн корпораци CNPC хооронд байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум ам.долларын гэрээг 2014 оны тавдугаар сард байгуулснаар хэрэгжсэн байдаг. Гэрээний дагуу Оросоос жилд 38 тэрбум шоо метр байгалийн хийг 30 жилийн турш Хятадад нийлүүлнэ. Зүүн Сибирээс байгалийн хийг “Сибирийн хүч 1” хоолойгоор 2019 оны арванхоёрдугаар сараас Хятадын зах зээлд экспортолж эхэлсэн юм. Эхний жил 4.6 тэрбум шоо метр байгалийн хий, 2021 оноос 10 тэрбум, 2022 оноос 16 тэрбум, 2024 онд 25 тэрбум, 2025 он гэхэд бүрэн хүчин чадалдаа хүрч 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлнэ.

Э.Од