Хятадад (2021.04.13) болсон онлайн симпозиум дээр тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэөцян мэдэгдэлдээ түүхий эдийн дотоодын зах зээлийг хатуу зохицуулах асуудлыг хөндсөн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, зарим түүхий эдийн ханшид нөлөөлөв. Тэрээр “Улсын нийт эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа сэргэж байгаа ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт нь дотоодын компанийн зардалд хүчтэй дарамт учруулж байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.
Энэ долоо хоногийн байдлаар, Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн үнэ 172 ам.доллар байна.
Оны эхний улиралд Хятад улс 283.44 сая тонн төмрийн хүдэр импортолжээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8% буюу 21 сая тонноор нэмэгдсэн байна. Тухайн үед тус улс 263 сая тонн төмрийн хүдэр импортолсон аж. Зөвхөн гуравдугаар сард, Хятад 102 сая тонн ын төмрийн хүдэр импортолсон нь өмнөх оны үеэс 18.6%-иар өсчээ.
2020 онд цар тахал дэгдэж, мөн үер борооны улмаас Австрали болон Бразилийн нийлүүлэлт доголдож байсан юм. Тэгвэл Хятадын барилга, гангийн үйлдвэрлэл сэргэж, дагаад төмрийн хүдрийн импорт хэвийн байдалд орж буйг “GF Futures”-ийн шинжээч Кай Бию онцолжээ.
Э.Од