Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэнэ

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх тухай "Зүүнбаян төмөр зам" ХХК-ийн Ахлах мэргэжилтэн Э.Удвал мэдээлэл өгчээ. Тус хуулийн төслийг Зам тээвэр хөгжлийн яамнаас өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газарт өргөн барьсан байна. 

Нийт 11 бүлэг бүхий энэхүү хуулийн төсөл батлагдснаар төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдлөх бүрэлдэхүүн чингэлэгтэй холбоотой харилцаа болон бусад олон асуудал хуульчлагдах аж. 

Өнөөдрийн байдлаар Монголын төмөр замын салбарт 30 орчим дүрэм журам, 130 орчим стандарт мөрдөгдөж байна.Сүүлийн жилүүдэд төмөр замын тээврийн сүлжээ, дэд бүтцийн бүтээн байгуулалт, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчдийн олон талт харилцаа, эдгээртэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг бий болгох шаардлага үүсчээ.

Статистик мэдээллээр, 2008 оноос хойш манай улсын төмөр замын салбарт суурь бүтэц эзэмшигч 3, тээвэрлэлтийн үйл ажиллагаа эзэмшигч 3, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч 270 орчим аж ахуйн нэгж, байгууллага байна. Сүүлийн арваад жилийн хугацаанд төмөр замын салбарт үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдийн тоо эрс нэмэгдэж буй нь Төмөр замын тээврийн тухай хуулийг шинэчлэх бас нэг шалтгаан болж байгааг мэргэжилтэн онцолжээ. 

Эх сурвалж: "Зүүнбаян төмөр зам" ХХК