Алтны салбарын ирээдүйг үндсэн ордуудын ашиглалт тодорхойлно
Э.Оджаргал
Монгол Улсын ашигт малтмалын худалдаанаас алт нь 1-2 тэрбум ам.долларын эргэлттэй салбар болно гэж бодлого тодорхойлогчид олонтаа мэдэгдэх болов. Энэ нь өөдрөг төсөөлөл бус бодит болохыг өнгөрсөн онд алтны салбарын орлого тод харуулж бараг 2 тэрбум ам.долларт дөхлөө. Гэхдээ амжилтаа хадгалж, цаашдаа энэ хэмжээнд тогтвортой явах эсэх нь улсын алтны сан хөмрөг хэр байхаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, шинээр алтны орд нээх, нөөц илрүүлэх, бүрдүүлэх мэтчилэн геологийн судалгаа болоод хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлэхээс шууд хамаарна гэсэн үг.
Манай улсын нийт алтны нөөц 2000 тонн бөгөөд үүний 1000 нь Оюутолгойн буюу зэсийг дагалдсан алт гэсэн албан бус мэдээлэл байдаг. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээлснээр, Оюутолгойн ордыг тооцохгүй нийт бүртгэгдсэн 489.5 тонн алтны нөөцийн 90 орчим хувь нь үндсэн орд, үлдсэн хувьд шороон ордынх аж. Үндсэн ордын нөөцийн ихэнх нь зэс, хар тугалга, цайр зэрэг ашигт малтмалын ордод дагалдах байдлаар байна.
АМГТГ-ын хоёрдугаар сарын статистикаар, улсын хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын 1698, хайгуулын 912 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Ашиглалтын нийт тусгай зөвшөөрлөөс 91 үндсэн орд, 442 алтны шороон ордынх юм. Алтны тусгай зөвшөөрөл Төв, Сэлэнгэ болон Говь-Алтай аймагт түлхүү олгогджээ.
Алтны салбарт шороон ордын олборлолт давамгайлж байгааг графикаас харж байна. Алтны тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор “Алт 2” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн зээлийг олгож байгаа. Шороон ордын үйл ажиллагаа нь улирлын чанартай учир компаниудын зээлийн эргэн төлөлтөд асуудал үүссэн нь бий. “Алт 2“ хөтөлбөрийн санхүүжилтээс зээл авсан аж ахуйн нэгжүүд 2017 онд нийт 159 кг, 2018 онд 630 кг алт тушаажээ. Зарим төслүүд амласан тодорхой хэмжээндээ хүрч чадаагүй, олборлолт нь хойшилсон асуудлууд гарсныг тухайн үед Хөгжлийн банкнаас мэдээлж байв. Өдгөө шороон ордын нөөц хомстож байгаагаас хөрс хуулалт ихтэй, уул техникийн хүндэрсэн нөхцөлд алт олборлож байна. Энэ нь үндсэн ордуудыг ашиглах асуудал тулгамдсаныг илтгэнэ. Тиймээс энэ дөрвөн жилд алтны шороон ордоос үндсэн ордын олборлолт руу шилжих бодлого барьж ажиллахаа УУХҮЯ мэдэгдсэн.
Алтны салбар шинэ шатанд гарах шилжилтийн энэ чухал үед харин “Алт 2” хөтөлбөр өндөрлөж байна. Хэрэв уг хөтөлбөр цаашид үргэлжлэх бол өдийд төслийг боловсруулж байх учиртай. 2014 онд баталсан Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого нь 2025 он хүртэл дэд хөтөлбөрүүдээр дамжин хэрэгжих ёстой. Бодлогын дагуу баталсан дэд хөтөлбөр “Алт 2” бөгөөд 2017-2018 он I үе шат, 2019-2020 онд II үе шаттай хэрэгжээд дуусч байна. Уг нь Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого хэрэгжих хугацаатай уялдуулан зэрэгцэж хэрэгжүүлэхээр анх хөтөлбөрийг “Алт 2025” нэртэй боловсруулсан ч хугацааг наашлуулан “Алт 2” хөтөлбөр гарсан нь энэ. Хөтөлбөр өндөрлөсөн, цаашид үргэлжлэх эсэх талаар одоогоор УУХҮЯ, АМГТГ-аас ямар нэгэн албан мэдээлэл хийгээгүй. Тэгэхээр “тэрбум ам.долларын салбар” болох том зорилттой алтны салбар цаашид төрийн ямар бодлого, зохицуулалтаар явах нь бүрхэг байна.
Эдийн засгийн эргэлтэд оруулахаар төрийн түвшинд яригдаж байгаа тодорхой төсөл гэвэл “Хойд бүргэдэй” талбай (53.1 тонн алтны нөөц тогтоосон)нь алтны үндсэн Хармагтайн бүлэг ордод багтдаг. Тухайн бүлэг ордыг 30 жилийн өмнө нээсэн. Алтны үндсэн ордуудаас ашиглахад хамгийн бэлэн төсөл бол Гацуурт (таамаг нөөц 70 тонн) боловч орон нутгийн эсэргүүцэлтэй холбон хэрэгжүүлэхгүй гэж төр үзсэн.
Харин өдгөө хувийн компаниудын төслүүд илүү урагшилж Монголын алтны салбарт гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Тэдний нэг “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани нь ирэх оны нэгдүгээр улиралд Баянхонгор аймаг дахь гол төсөл “Баянхөндий” үндсэн ордоос алт олборлож эхлэх ба жилд 2 тонн алт Монголбанкинд тушаах төлөвлөгөөтэй. 2005 оноос Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян- Өндөр сумын нутагт төвлөрөн ажиллаж ирсэн тус компани өнгөрсөн 16 жилд нийт 115 тусгай зөвшөөрөл авснаас ердөө 5 тусгай зөвшөөрлийн талбайд “Баянхөндий”, “Алтан нар”, “Хар морь” орд, зэс- молибдений “Зуун мод” болон эрдэсжилттэй бусад талбайг нээн илрүүлсэн. Тэгвэл “Степ Голд” компанийн хэрэгжүүлж байгаа Баянхонгор аймгийн алтны дүүрэг дэх “Уудам Хөндий”-өөс гадна Дорнод аймгийн нутагт “Алтан Цагаан Овоо” нь 18 жилийн өмнө илэрсэн ордууд юм. Мөн л Баянхонгорын нутагт аль 1950-1960 оны хайгуулын ажлаар илэрсэн “Цагаан цахир” алтны үндсэн ордын “Наран Мандал” компанийн төсөл одоо үйлдвэрлэлийн шатандаа явна. Ийнхүү Оюутолгойгоос гадна алтны олборлолтод жинтэй хувь нэмэр оруулах төслүүдийн үйлдвэрлэл эхэлж байна.
Ашиглалтын шатанд шилжиж байгаа дээрх ордуудыг хамгийн ойрхондоо 20 жилийн өмнө нээн илрүүлсэн гэхээр мөн хэмжээний хугацаагаар дор хаяж геологи хайгуулын ажил уул уурхайгаас түрүүлж явах ёстойг тодорхой харуулж байна. Энд анзаарах зүйл бол Оюутолгой болоод Хармагтай, Баянхөндий, Алтан нар, Уудам Хөндий, Цагаан цахир гэсэн ихэнх орд эрдсийн нэг судалд хамаарч байгаа юм. Үүнийг Төв Азийн эрдсийн томоохон бүс гэж мэргэжилтнүүд ярьдаг. Тэрхүү бүс дайрах баруун, баруун өмнөд Монголын нутагт алтны геологийн судалгааны “БӨМ Алт 2019” төсөл ид өрнөж байна.
Тодруулбал, манай улс анх удаа алтны сэдэвчилсэн геологийн суурь судалгааг Монгол орны баруун, зүүн нутагт хийж буй. Улсын төсвийн санхүүжилттэй хоёр тусдаа төслийн зүүн нутгийн судалгаа дуусч, тайлан нь бичигдэж байна. Харин баруун нутгийг хамарсан судалгааны “БӨМ Алт 2019” төслийн тайланг ирэх оны долдугаар сард улс хүлээн авна. Өргөн цар хүрээтэй хоёр төслийн үр дүнд Монгол Улсын үе үеийн геологийн судалгааны зөвхөн алтны мэдээллийг барууны ангиллаар шинэчлэн нэгтгэх төдийгүй Монголын эрдэс баялгийн мэдээллийн санд бүртгэгдэх магадлалтай, хэтийн төлөвтэй алтны илэрц байж болохуйц хүдрийн талбайг ялгах, шинээр илрүүлж байгаа юм. Ингэснээр манай орны ирээдүйд нээх алтны орд, илрэлүүдийн судалгааг 1-2 шатаар ахиулах, энэ салбарын чадамжийг өсгөх ач холбогдолтой. Гэхдээ энэ бол зөвхөн геологийн анхан шатны суурь судалгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг эрчимжүүлснээр алтны нөөцийг нэмэгдүүлж, тэр хэрээр экспортын 1 тэрбум ам.долларын тогтвортой орлогыг алтны салбар бүрдүүлж чадна.