ОХУ-ын алтны олборлолтоор тэргүүлэгч “Полиметал” компани газрын ховор металын Томторын ордын төсөлд оролцохоор төлөвлөжээ. Энэ талаар тус компанийн тэргүүн Виталий Несис (2021.04.19) мэдэгдэхдээ асуудлыг ирэх арванхоёрдугаар сард компанийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх аж.
Компанийн хувьд Красноярскийн нутаг дахь Чукутон, Эрхүү мужид орших Белозимин болоод Якутын Томтор гэсэн гурван ордын төслөөс сонгосон байна. Томтор нь газрын ховор метал, тэр дундаа ниобийн нөөцөөр дэлхийд эхний гуравт багтах орд аж. Тухай ордыг ашиглах төслийн нийт өртгийг 20 сая ам.доллар гэж өмнө нь тооцож байжээ.
“Томтор” төслийн оператор компани “ТриАрк Майнинг”-ийн 75%-ийг ИСТ групп, 19%-ийг “Полиметал” компани тус тус эзэмшдэг. Өнгөрсөн оны наймдугаар сард “Ростех” корпораци уг төслөөс гарсан бөгөөд төслийн 25%-ийн эзэмшил нь “Zaltama” холдингд шилжсэн байна. Эдийн засгийн хоригт буйгаас төрийн корпораци олон улсын зах зээлээс хөрөнгө татахад бэрхшээлтэй болсон учир “Томтор” төслөөс татгалзахад хүрчээ.
2022 онд Томторын ордыг олборлож эхлэх бөгөөд жилд 160 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй. Эл ордод ниоби, терби, иттри, сканди агуулсан 13.2 сая тонн (JORC) хүдрийн нөөц тогтоосныг өнгөрсөн оны есдүгээр сард баталгаажуулжээ. Ордыг 2 үе шаттайгаар 40 жил ашиглахаар тооцож байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр, Орос улсын батлан хамгаалах салбар, гар утас болон автомашины үйлдвэрлэлд шаардлагатай газрын ховор металын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, Хятад улсаас импортлох хараат байдлыг бууруулах ач холбогдолтой гэж “Полиметал” компани үзэж байгаа юм.
2020 онд “Полиметал” нь алтны олборлолтоо 6%-иар нэмэгдүүлж 43.6 тоннд хүргэжээ.
Э.Од