Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Оны эхний улиралд Оюутолгойн баяжуулах үйлдвэрт 9.81 сая тонн хүдэр боловсруулж, 201.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Ингэснээр зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 22.7%-иар өссөн байна. Энэ дундаа баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэс олборлолт 45.4 мянган тонн, алтных 145.7 орчим мянган унц байжээ. Энэ нь зэсийн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс 29%, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 9%-иар тус тус өссөн гэсэн үг. Харин алтны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс даруй 457%, өнгөрсөн дөрөвдүгээр улирлынхаас 66%-иар өссөн дүнтэй гарлаа.
Ийнхүү зэс, алтны олборлолт өссөн нь оны эхний улиралд 4b болон 6b үе шатны илүү баялаг агуулгатай хүдрийн хэсэг рүү олзворлолт хийсэнтэй холбоотой ажээ. Энэ оны туршид хүдрийн баялаг агуулгатай хэсэгт олборлолт үргэлжлэх төлөвтэй байна.
Харин борлуулалтын тухайд оны эхний улиралд 186.3 мянган тонн баяжмал худалдаалжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 48%-иар өссөн үзүүлэлт юм.
Тус компани гуравдугаар сарын 30-нд Хятадын худалдан авагч нарт гэрээний хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжгүй буюу давагдашгүй нөхцөл байдал үүссэнийг мэдэгдсэн. Учир нь Оюутолгой уурхайд цар тахлын хоёр ч тохиолдолд гуравдугаар сарын дундуур бүртгэгдсэнээр компанийн баяжмал тээвэрлэлт зогссон юм. Өөрөөр хэлбэл Хятадын тал цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс тус компанийн баяжмал ачсан тээврийн хэрэгслийг хилээрээ нэвтрүүлэхийг түр хугацаанд зогсоосон. Харин дөрөвдүгээр сарын 15-наас баяжмал тээвэрлэлт тодорхой хэмжээгээр сэргэж, өдөрт 32 машин хилээр нэвтэрч эхэлсэн. Тус компани мөн Улаанбаатараар дамжуулан баяжмал тээвэрлэх хувилбарыг судалж байгаа ажээ.
Уурхайн талбайд халдвар гарсантай холбогдуулан далд уурхайн бүтээн байгуулалт хэсэг хугацаанд зогсоод байсан нь одоо эргээд ажил урагшлах болсон талаар компанийн тайланд дурджээ.
“Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто”-ийн төлөөлөл Монгол Улсын Засгийн газартай төслийн хэлэлцээрийг хийхээр гуравдугаар сард Улаанбаатарт ирсэн. Компанийн зүгээс төслийг бүхий л хувьцаа эзэмшигчдэд ашигтай байх, тэр дундаа монголчуудад үр өгөөжтэй байхуйц шийдлийг олох чиглэлд хэлэлцээр хийхээр ажиллана гэдгээ албан мэдээндээ өгүүлжээ.
Мөн Монголын тал далд уурхайн агуйлах ажлыг (undercut) эхлүүлэхэд шаардлагатай зөвшөөрлийг олгох ажил хүлээгдэж байгааг онцолжээ.
“Оюутолгой” компани хоёрдугаар сард 2016-2018 оны үйл ажиллагаанд хамаарах 230 сая ам.долларын татварын акт, гуравдугаар сард 2013-2015 оны үйл ажиллагаанд хамаарах 126 сая ам.долларын татварын актын төлбөрийг барагдуулсан байна. Хэдийгээр татвартай холбоотой маргаан арбитр дээр шийдэгдээгүй байгаа ч Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу дээрх төлбөрийг барагдуулах үүрэгтэй байдаг. Туркойз Хилл-ийн хувьд “Оюутолгой” компани бүхий л шаардлагатай татвар, хураамжаа төлж барагдуулсан гэсэн байр суурьтай хэвээр болохыг тэмдэглэжээ. Хэрэв арбитр дээр тус компанийн талд шийдвэр гарвал дээрх төлбөрийг Монгол Улс буцааж барагдуулах юм.
Б.Төгс