Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Өвөр Монголоос нүүрсийг анх удаа төмөр замаар шууд Цаофэйдянь боомт хүртэл тээвэрлэжээ 

БНХАУ-ын Өвөр Монголын Долоон нуур аймгаас анх удаа 3281 тонн нүүрсийг төмөр замаар тээвэрлэн Хэбэй муж дахь Цаофэйдянь боомтын төмөр замын өртөөнд хүргэсэн талаар www.sxcoal.com сайтад мэдээлжээ. Өвөр Монголын нутаг Шилийн гол хотоос Бээжин, Хэнан мужийн Жэнжоу, Шандун мужийн Жинан хотуудаар дайруулан далайн боомт гэсэн чиглэлд туршилтын тээврийг Хятадын үндэсний төмөр замын группээс зөвшөөрсний дараагаар хэрэгжүүлж байна.

Хоёр том бүс нутгийн гол төмөр замын сүлжээ, тээврийг холбосноор Өвөр Монголын зүүн нутгаас нүүрсний шинэ гарцыг Цаофэйдянь боомтоор нээх зорилттой аж.

“Бүс ба зам” санаачилгын хэрэгжилтээр Цаофэйдянь боомт нь Хятад улсын эрчим хүч, тээврийн стратегид чухал үүрэг гүйцэтгэх, мөн Шилийн гол хотыг улсын төмөр замын үндсэн сүлжээтэй холбосноор зүүн хойд нутаг, хөрш Монгол Улсын нүүрсний худалдааны гол боомтуудын нэг болно хэмээн мэдээнд өгүүлжээ.

Уг мэдээллээр, Шилийн гол нь ашигт малтмалын нөөцөөр баялаг бөгөөд Хятадын нүүрсний эрчим хүчний түүхий эдийн томоохон бүс нутагт тооцогддог. Долоон нуур аймгийн тухайд, жилд 400 мянган тонн полипропилений бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Тус нутгаас олборлосон хүрэн нүүрсийг голцуу Шандун, Тянжинд нийлүүлдэг аж. Одоо төмөр замаар Цаофэйдянь боомт хүртэл нүүрс тээвэрлэж, далайн тээврээр бусад бүс нутагт нийлүүлэх боломжтой болж буй. 

Цаофэйдянь боомт нь Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км  байрладаг ба Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг байна. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог гарц аж.

Хэбэй мужтай залган орших Шилийн гол нь Монгол Улстай хиллэдэг. 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-ад айлчлах үеэр тус боомтын үйл ажиллагаатай танилцаж байсан юм.    

Э.Од