ОХУ-ын Засгийн газраас нефтийн зарим төрлийн бүтээгдэхүүний экспортыг түр хугацаанд хориглох тухай төслийг боловсруулахыг тус улсын Эрчим хүчний яаманд үүрэг болгожээ.
Газрын тосны зарим бүтээгдэхүүнд бензин багтсан байна. Тодруулбал, Оросын дотоодын зах зээлд нэн чухал бүтээгдэхүүн болох бензины экспортыг шаардлагатай тохиолдолд түр хугацаанд зогсоох, эсвэл хориглоно гэдгийг ОХУ-ын Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ. Шаардлага үүсвэл, эхний ээлжинд ЕАЭЗХ-ны гишүүн бус орнуудад нийлүүлж буй бензины экспортыг авч үзэх аж.
Одоогийн байдлаар, энэ зуны хугацаанд Оросын дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний хомстол үүсэхгүй гэдгийг тус улсын Эрчим хүчний дэд сайд Алексей Новак мэдэгдсэн байна.
Тэгвэл Оросын Холбооны монополийн эсрэг албанаас үзэж буйгаар, газрын тосны бүтээгдэхүүний экспортыг түр зогсоох нь онцгой тохиолдолд авах арга хэмжээ гэв. Харин бирж дээрх бүтээгдэхүүний борлуулалтын хэмжээнд улирлын чанартай нэмэгдүүлэх коэффициент нэвтрүүлэх нь оновчтой гэсэн байр суурьтай байна.
Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар, ОХУ-ын бензины үйлдвэрлэлийн хэмжээ дотоодын хэрэглээнээс 12-13%-иар давжээ. Дизель түлшний тухайд, хэрэглээнээс хоёр дахин илүү үйлдвэрлэж байгааг тус улсын Эрчим хүчний яамнаас мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч Оросын дотоодын түлшний хэрэглээ өсч буйн улмаас нөөц багасч, хомстол үүсэх эрсдэл байгаа учир газрын тосны бүтээгдэхүүн, бензины экспортыг хязгаарлах асуудал яригдаж байна.
Э.Од