Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

Зэсийн ханш 2011 оны оргил түвшинд ойртлоо

Лондоны металын бирж дээр лхагва гаригт тонн зэсийн үнэ 9730 ам.долларын ханштай хаагдсан нь 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Он гарсаар тус бирж дээр зэсийн ханш 26%-иар өсчээ. Дэлхийн эдийн засаг цар тахлын дараах сэргэлтийн горимд шилжиж буй нь зэсийн ханшийн өсөлтийг авчирч байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр тонн зэсийн ханш өчигдөр 9795 ам.долларт хүрчээ.

Эх сурвалж: investing.com

Нөгөөтэйгүүр, өчигдрөөс (2021.04.26) эхлэн Чили улсад боомтын ажилтнууд ажил хаялт зарласан байна. Ажил хаялт тус улсын боомтын нийт терминалуудын дөрөвний нэгийг хамарчээ. Цар тахлын үед хувийн тэтгэврийн сан дахь мөнгөө (10%-ийг) урьдчилж авах хуулийн төслийг батлуулахын төлөө ажил хаясан байна. Тухайн хуулийн төслийг тус улсын Конгресс баталсан ч Ерөнхийлөгч хориг тавих чиглэлтэй байгаа аж. Учир нь ийм арга хэмжээг өнгөрсөн оны долоо болон арванхоёрдугаар сард хэдийнэ хэрэгжүүлжээ. Одоо гурав дахь удаагаа хэрэгжүүлэх нь улсын эдийн засгийг эрсдэлд оруулна гэж Чилийн төв банк мэдэгдсэн байна. Уг арга хэмжээг хэрэгжүүлсэн тохиолдолд маш олон ахмад бага тэтгэвэртэй хоцрох эрсдэл бий ажээ.

Өмнө нь 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа буюу 2011 оны хоёрдугаар сард зэсийн ханш 10148 ам.долларт хүрч өнөөг хүртэл түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдож байна.

Аливаа хямралын дараа сэргэлтийн үед эрдэс түүхий эдийн үнэ ханш өсдөг зарчимтай. Тэгвэл энэ удаад гагцхүү хямралын дараах сэргэлт бус, уур амьсгалын эсрэг бодлогын нөлөөгөөр зэсийн ханш улам бүр өсөх төлөвтэйг шинжээчид тайлбарлаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден дэд бүтцийг хөгжүүлэх 2.25 их наяд ам.долларын хөтөлбөр зарласан билээ. Зэрэгцээд Хятадын эдийн засаг ч хурдацтай өсөх төлөв тодроод буй

Голдман Сакс банк 2025 он гэхэд зэсийн ханш тонн тутамдаа 15 мянган ам.долларт хүрнэ гэж төсөөлсөн бол Сити банк ойрын хугацаанд зэс 10500 ам.долларын үнэтэй болох тооцооллыг дэвшүүлж байна.

Гэхдээ цар тахлын дэгдэлтийг бүрэн хумих талаар ярихад хараахан эрт юм. Хэд хэдэн улс оронд КОВИД-19-ийн тархалт өндөр хэвээр байгаа нь эдийн засаг бүрэн сэргэх замдаа орох болоогүйг харуулж байна.

Б.Төгс