Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Barrick Gold”: Алтны “Loulo-Gounkoto” төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүлнэ

Гэрэл зураг: www.mining.com

Канадын “Barrick Gold” (TSX:ABX)(NYSE:GOLD) компани Мали дахь алтны “Loulo-Gounkoto” цогцолбор төслийн гүний уурхайн эхний шатны олборлолт эхлэхэд бэлэн болсноо мэдэгджээ. Энэ нь тус компанийн гурав дахь том төсөлд тооцогддог.

Энэ оны нэгдүгээр улиралд, энэхүү цогцолбор 193 мянган унц алт үйлдвэрлэжээ. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр жилд 640-700 мянган унц алтны үйлдвэрлэх хэмжээнд хүргэхээр зорьж байна.   

“Barrick Gold” компанийн Ерөнхий захирал Марк Бристоу ““Loulo-Gounkoto” төсөл нь Мали улсын эдийн засагт чухал үүрэгтэй бөгөөд орон нутгийн хөгжлийн хөшүүрэг хэвээр байна. Сүүлийн 24 жилийн хугацаанд тус улсын эдийн засагт манай “Barrick Gold” болон “Randgold Resources” компаниуд 7.7 тэрбум доллар оруулснаас 3 тэрбумыг ногдол ашиг, татвар болоод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр төвлөрүүлсэн” гэж мэдэгджээ.

Дэлхийд алт үйлдвэрлэлээр тэргүүлэх 10 уурхайн нэгд тооцогддог “Loulo-Gounkoto” нь ил уурхай “Gounkoto” болон гүний уурхай “Loulo” гэсэн хоёр ордоос бүрддэг байна. Тухайн ордуудын тус бүр 80%-ийг “Barrick Gold” компани эзэмшдэг бол үлдсэн 20% нь Мали улсын Засгийн газрын мэдэлд буй аж.

Лондоны металын бирж дээр (2021.04.21) унц алтны үнэ 1792 ам.доллар байсан бол сүүлийн долоо хоног буурч өчигдрийн байдлаар 1779 ам.доллараар арилжаалагджээ.      

Э.Од
 
  
  
    
 

Сэтгэгдэл (1)

  • Болдбат (66.181.161.46)
    Энэ уухайд бүр монгол хүн ажилладаг юм гэсэн шүү
    2021 оны 04 сарын 29 | Хариулах