Азийн хөгжлийн банкны жил бүр эрхлэн гаргадаг “Азийн Хөгжлийн Төлөв” эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн энэ жилийн тайланд өгүүлснээр Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5.3%-ийн огцом агшилтаас сэргэж 2021 онд 4.8%-иар, дотоод эрэлт, хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн зээл өсч, сэргэлт эдийн засгийн салбаруудыг бүрэн хамарснаар 2022 онд 5.7%-иар тус тус өснө гэж төсөөлжээ.
Гадаад худалдааны нөхцөл таатай байж, экспортын эрэлт нэмэгдсэнээр Монгол Улсын эдийн засаг 2021 онд алгуур сэргэж, харин 2022 онд цар тахлын эрсдэл буурахын зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлт сайжирснаар эдийн засгийн өсөлт хурдсах чиг хандлагатай байна гэж Азийн хөгжлийн банкнаас (2021.04.28) танилцуулсан шинэ тайланд дурджээ. Монгол Улс цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалахын тулд бүтцийн шинэчлэлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, улсын төсвийн болон өрийн үзүүлэлтүүдийг сайжруулж тэнцвэртэй байдлыг нь хангах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх нь чухал” хэмээн онцлон тэмдэглэв.
Монгол Улсын 2021-2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөв нь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн сэргэлтийн хурдац, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт сэргэлт, хөрөнгө оруулалтын орчин болон хувийн хэвшлийн зээлийн өсөлтөөс ихээхэн хамаарна. Гэвч нийт хүн амын 60%-ийг вакцинжуулах зорилт хангагдах хүртэл эрүүл мэндийн эрсдэл нь дотоод эрэлт, бизнесийн итгэлд дарамт үүсгэсэн хэвээр байх бөгөөд үүний улмаас уул уурхайн бус салбарт сэргэлт харилцан адилгүй, тэнцвэртэй бус байхаар байна. Харин 2022 онд цар тахлын эрсдэл буурахын хэрээр бизнесийн хүлээлт, эдийн засгийн хандлага илүү сайжрах төлөвтэй. Эдийн засаг сэргэж эрэлт өсөх, түлш шатахууны үнэ нэмэгдэх, валютын ханшийн нөлөө импортын барааны үнэд шингэхтэй уялдан дундаж инфляц 2021 онд 6.9%, 2022 онд 8.5% болж өсөн, дунд хугацааны зорилтот 6%-ийн түвшнээс хэтрэх эрсдэлтэй байна.
Л.Номин