Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Тавантолгойн нүүрсний баяжуулах үйлдвэрийг байгуулах ажил III улиралд эхэлнэ

-“Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2021.04.28) “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталсан байна. Тогтоолд Тавантолгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус  техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгожээ.

Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал болохыг онцолсон байна.

Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дөрөвдүгээр сард хэлэлцэн баталсан бөгөөд ирэх долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ.

Нүүрс баяжуулах үйлдвэр нь жилд 10 сая тонн тус бүр хүчин чадал бүхий 3 блок бүхий байх аж.  Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж байна. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлэх зорилттой. Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэхээр тооцжээ.

Эх сурвалж: www.zasag.mn