Монгол Улсын эрчим хүчний салбарын тулгамдсан асуудал бол эх үүсвэр. Өнөөдөр эрчим хүчний эх үүсвэрийн бүтэц алдагдаад байгаа бөгөөд үүнийг төрөлжүүлэх шаардлага тулгараад буй. Улсын хэмжээнд нүүрсээр ажилладаг станцууд голлодог учраас оргил ачааллын үед ажиллах тохируулгын станцууд, усан станц, хуримтлуурын станцуудыг бий болгох ёстой хэмээн Эрчим хүчний яамныхан үзэж байна. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх ажил эхэлж байгааг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх онцолжээ.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь 90МВт суурилуулсан хүчин чадалтай ажиллаж, жилийн нийт үйлдвэрлэл нь 366 сая.kВт байх бөгөөд баруун таван аймгийн хэрэгцээг бүрэн хангаж эрчим хүчний их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм. 2018 оны тавдугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын 160 дугаар тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг байгуулах төслийг оруулснаар санхүүжилтийн эх үүсвэр шийдэгдсэн юм.
Тус станцын төслийн шинэчилсэн Техник, эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын тал хүлээн авч тендерт оролцох 3 компанийн нэрсийг ирүүлсний дагуу төслийн ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг Эрчим хүчний яам 2021 оны нэгдүгээр сарын 14-нд зарласан. Тэгвэл энэхүү тендерийн сонгон шалгаруулалтыг тавдугаар сарын 17-нд нээж, улмаар ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулах ажил явагдах аж.
Мөн төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгох тендерийн гүйцэтгэгчээр “Ньюгидро проект” болон “Енко” ХХК-ийн түншлэл шалгарч ажлаа эхлүүлээд байгаа бөгөөд бүх нийтийн хөл хорионы улмаас Байгаль орчны яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ажил хойшлогдоод байна гэдгийг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан төслийн мэргэжилтнүүд тодотгов. Энэхүү станцын төлөвлөж буй далангийн талбар нь Ховд хотоос 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумаас 54 км зайд орших Ховд гол дээрх Шижигтийн хавцал д байршиж байна.
Г.Идэр