Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

2030 оноос цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлана

УИХ-аас 2012 онд Усны тухай хуулийг шинэчлэн баталж, усны нөөцийг стратегийн үнэт баялаг болохыг тодорхойлсон. Улмаар усыг экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр боломжит нөөцийн хэмжээнд зөвшөөрлийн механизмаар дамжуулан үр ашигтай хэмнэлттэй ашиглах  зарчмыг тогтоосон юм. Түүнчлэн Монгол орны нутаг дэвсгэрийг усны сав газарт хувааж, сав газрын захиргаадыг байгуулж, усны нөөцийн хамгаалалт, ашиглалтыг тухайн сав газарт менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх замаар зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Монгол Улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө” зэрэг бодлогын баримт бичгүүд, усны талаарх харилцааг зохицуулсан 6 гол хууль, 30 гаруй дүрэм журам, норм, аргачлал, 130 гаруй үндэсний стандарт мөрдөгдөж буй.

Усны салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан УИХ-ын хаврын ээлжит чуулганы цахим хуралдаанд (2021.04.30) мэдээлэл хийсэн юм. Говийн бүсэд ашигт малтмалын олборлолт эрчимжиж, аж үйлдвэрлэлийн гол түшиц газар болгохоор төлөвлөж байгаа хэдий ч өсөн нэмэгдэх усны хэрэгцээг хангахуйц нөөцгүйн улмаас усны хомстол нүүрлэх, улмаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг хязгаарлах нөхцөл байдал үүсч болзошгүй байгааг тэрээр мэдээлэлдээ онцлов. Ялангуяа 2030 он гэхэд цэнгэг усыг уул уурхайн зориулалтаар ашиглахыг хязгаарлах, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг хатуу мөрдүүлэх замаар усны нөөцийг бохирдох, хомстохоос сэргийлэхээр төлөвлөж байгаа аж. Улсын хэмжээнд 2019 онд нийт 578.5 сая шоо метр ус олборлож ашигласнаас 33.4%-ийг мал аж ахуй, 27.4%-ийг усалгаатай газар тариалан, 17.1%-ийг уул уурхай, 14.4%-ийг хүн амын унд ахуй, 5.4%-ийг эрчим хүч, 2.3%-ийг бусад үйлдвэрлэл салбарт ашиглажээ.  

Г.Идэр

Сэтгэгдэл (1)

  • Ard (66.181.161.113)
    ОТ бна. Битүү бна гэсэн худлаа. Наад чинь усыг бол дуусгана шдээ.
    2021 оны 05 сарын 04 | Хариулах