Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Айвенхоу Майнз”: Зэсийн “Камоа-Какула” уурхай хугацаанаас өмнө ашиглалтад орно

Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улс дахь зэсийн “Камоа-Какула” төслийн уурхайг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тодруулбал, энэ тавдугаар сарын эцэс, эсвэл зургадугаар сарын эхээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалт орно хэмээн тус компани мэдээлсэн байна.

Уг мэдээллээр, уурхайн Баяжуулах үйлдвэрийн барилга, угсралтын ажил дуусч, туршилтын үйлдвэрлэл явагдаж буй аж. Уурхайгаас ойролцоогоор 140 мянган тонн зэс агуулсан 3 сая тонн хүдэр олборлон бэлтгэжээ.

Эхний ээлжинд, 3.8 сая тонн хүдэр боловсруулж, үйлдвэрлэлийг аажим нэмэгдүүлснээр жилд 200 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ. 2022 оны гуравдугаар улиралд, баяжуулах үйлдвэрийн хоёр дахь ээлжийг ашиглалтад оруулах юм байна. Ингэснээр зэс үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 400 мянган тоннд хүрэх аж.

Цаашид уурхайг өргөтгөх төлөвлөгөөг боловсруулаад дуусчээ. “Айвенхоу Майнз” компанийн үзэж буйгаар, энэхүү төсөл нь бүрэн хүчин чадлаар жилд 805 мянган тонн зэсийн олборлолтоор дэлхийн хоёр дахь том уурхай болох гэнэ. “Mining Intelligence” байгууллагын мэдээллээр, Камоа-Какула орд нь 37.9 сая тонн зэсийн нөөцтэй. “Айвенхоу Майнз” компанийн тооцооллоор, ордын нийт нөөц 43 сая тонн гэж мэдэгдэж байгаа юм. Тэгвэл уг төсөл нь дэлхийн дөрөв дэх том зэсийн орд болно гэж “Wood Mackenzie”-ийн судалгаа харуулжээ.  

“Камоа-Какула” төслийг Канадын “Айвенхоу Майнз” компани (39.6%), Хятадын “Zijing Mining” групп (39.6%) тус тус эзэмшиж байгаа бол 20% нь БНАКонго улсын Засгийн газрын мэдэлд буй.

Гурван жилийн зогсонги байдлын дараа 2021 онд дэлхийн зэсийн баяжмалын үйлдвэрлэл 3.5%-иар, 2022 онд дахин 3.7%-иар тус тус өсөх таамаглал Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG)  дэвшүүлжээ. 2021-2022 онд зэсийн гурван том төслийг эхэлж байна. Энэ нь “Камоа Какула”-ын зэрэгцээ Перу дахь “Quellaveco”, мөн Чили дэх “Quebrada Blanca QB2” төслүүд юм. Эдгээр төслийн үйлдвэрлэл эхэлснээр дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын  нийлүүлэлтэд ялимгүй илүүдэл үүсч, улмаар 2021-2022 онд цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл 3%-иар нэмэгдэх төлөвтэй байна.

Э.Од 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.23.199.124)
    оюутолгойн үйлдвэрлэл энэ ордоос олон жилийн өмнө эхэлсэн байна даа. Одоо энэ ордын зэсийн үйлдвэрлэлд дарлуулах хэмжээнд хүрэхээр байна уу ддаа
    2021 оны 05 сарын 06 | Хариулах