Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Л.Оюун-Эрдэнэ: “Ногоон бүс” зарлаж,  дотоодын цэргийн Тавантолгой анги байгуулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  өнөөдөр (05.06)  хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрээр Гашуунсухайтын боомтоос гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт, халдвар хамгааллын явц байдалтай биечлэн  танилцахаар төлөвлөжээ. Өчигдрийн байдлаар Гашуунсухайт боомтоор 76 жолооч экспорт, импорт хийхээр Хятадын талд шинжилгээ өгсөн байна. Жолооч нарын хариу сөрөг гарвал тус хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг холбогдох албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тэгвэл Ерөнхий сайд хилийн боомттой танилцахдаа дараах мэдээллийг  өглөө.   

Хилийн боомтоор нэвтэрч байгаа автомашинуудын оролт, гаралт доголдож, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн. Засгийн газрын зүгээс шуурхай комисс гарган ажиллаж, хэд хэдэн яаралтай арга хэмжээ авлаа. Нэгд, Гашуунсухайтын боомтыг дотоодын цэргийн хамгаалалтад авсан. Тэдний тусламжтайгаар жолооч нарыг хооронд нь уулзуулахгүй байх тусгаарлалтын үйл ажиллагаа явуулж байна. Нүүрс экспортлогч компани үүнийг  зардал гарган шийдэж байна. Цаашид Засгийн газрын шийдвэрээр дотоодын цэргийн буюу Тавантолгой ангийг байгуулна. Сайн мэдээ гэвэл өнөөдрөөс тээврийн автомашинууд хилээр гарч эхэлж байна. Засгийн газрын гол зорилго бол хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох. Орон нутагт вакцинжуулалт идэвхтэй явагдаж байна. Дөрөв, тавдугаар сард эдийн засаг идэвхэждэг улирлын чанартай. Нэг өдөр хөл хориотой байхад 100 орчим тэрбум төгрөгийн эдийн засгийн алдагдал хүлээдэг гэсэн тооцоо бий. Тэр дундаа улсын эдийн засагтай холбоотой Гашуунсухайт боомт, экспортлогч  компаниудад эрсдэл учирч байгаа учраас Монгол Улсын Засгийн газар Ажлын хэсэг гарган ажиллаж байна. “Ногоон бүс”-д хийгдэх ажлуудаа улам эрчимжүүлэх шаардлагатай.  Энэ удаад Засгийн газрын шийдвэр анхан шатан дээрээ хэрхэн хэрэгжиж байгаад хяналт, үнэлгээ хийх зорилготой.    

Бид Тавантолгой-Зүүнбаян болон Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт, тэнд явагдаж байгаа халдвар хамгааллын ажилтай танилцана. “Ногоон бүс” зарлаж байгаатай холбогдуулаад халдвар хамгааллын дэглэм ямар байгааг тодруулна. Вакцины татан авалт энд хангалттай хийгдсэн байна. PCR шинжилгээний лаборатори бий. Гашуунсухайтад хийгдэж байгаа дархлаажуулалтын мэдээлэл сая над дээр ирлээ. Тус боомтод сүүлийн 24 цагт 283, нийтдээ 8236 хүн вакцины I тунд хамрагджээ. II тунд 5394 хамрагдсан гэсэн мэдээ бий. Шивээ хүрэн боомтод I тунд 1658, II тунд 1460, харин  Оюутолгой компанид 601 хүн хамрагдсан байна. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа хүмүүсээс I тунд 1411, II  тунд 333, сумдад болон уурхайнуудад нийтдээ  I тунд 5690, II тунд 1444 хүн хамрагдсан байна. Тавдугаар сарын 15 гэхэд I, II тунд хамруулах хуваарьтай. Ингэснээр хилийн боомтууд хэвийн ажиллах цаг мөч урд байна.

Гашуунсухайт төмөр замын бүтээн байгуулалтын хувьд арван жил гацсаныг та бүхэн мэднэ. Бүтээн байгуулалт хэвийн явагдаж байгаа ч өргөн, нарийн царигийг хэрхэн холбох вэ гэдэг дээр шийдэлд хүрээгүй байна. Ирэх оны 6, 7 дугаар сард энэ төмөр замыг ашиглалтад оруулах томоохон зорилттой.  Одоо гарч байгаа нүүрсний экспорт нэг дахин нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр улсын эдийн засаг сайжирна. Механик байдлаар нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар халдвар хамгааллын дэглэмээ барьж ажиллах боломжтой болно.

Сангийн сайд Б.Жавхлан: 12 сая тонн нүүрс түгжигдсэн

Экспортын  оргил үедээ Гашуунсухайтын хилийн боомтоор 1000 гаруй автомашин нэвтэрдэг байсан. Тэгвэл одоо 50 гаруйхан машин гарч байгаа. Энэ бол түр зуурын асуудал. “Ногоон бүс” болоход хугацаа хэрэгтэй. Засгийн газрын зүгээс энэ чиглэлд олон арга хэмжээ авч байна. Гашуунсухайтын гаалийн цэгүүдийг хоёр хуваасан. Хойд талд байрлах долоон цэг дээр Тавантолгойгоос ирж байгаа нүүрсээ овоолсон. 12 сая тонн нүүрс түгжигдээд хөдөлгөөн хаагдсан байдалтай байна. Энэ нүүрсээ гаргахын тулд “Ногоон бүс” зарлаж, халдвар хамгааллын дэглэмийг чангатгах шаардлага үүссэн.   

Г.Идэр

 

 

 

 

Сэтгэгдэл (1)