Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Гвинейн “Симандоу” ордын төмөр замыг барьж эхэлжээ

Гвиней улс дахь төмрийн хүдрийн үлэмж нөөцтэй “Симандоу” ордыг ашиглах төслийн хүрээнд уурхайн дэд бүтцийг, тэр дундаа төмөр замыг барьж эхэлсэн байна. Энэ нь уурхайгаас Либери улсын нутаг дэвсгэрийг тойрч далайн боомт хүрэх 650 км төмөр замын байгууламж юм.

Түүнчлэн дэд бүтцийн төслийн хүрээнд төмөр замын хамтаар боомт байгуулна. Төмөр зам, боомтыг  2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дэд бүтэц бэлэн болсноор, уурхайгаас жилд 100 сая тонн төмрийн хүдэр экспортлох зорилттой.

Энэхүү бүтээн байгуулалтыг ордын I,II талбайн ашиглах эрхийг 2019 онд авсан Хятад, Франц, Сингапур болон Гвинейн компаниуд багтсан “SMB-Winning” консорциум хэрэгжүүлж байгаа юм.

Өндөр чанарын төмрийн хүдрийн 2.4 тэрбум тонн нөөцтэй “Симандоу” ордын III, IV талбайг Хятадын “Чайналко” компани (39.95%) болон Австралийн “Рио Тинто” групп (45.05%) эзэмшиж байна.

Ордыг ашиглалтад оруулах төслийн нийт өртөг 23 тэрбум ам.доллар аж.

Э.Од


 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.27.134)
    Газрын зургийг нь гаргахгүй
    2021 оны 06 сарын 04 | Хариулах