Киргизийн алтны Кумторын уурхайн төслийг хэрэгжүүлэгч “Кумтор голд” компанид 3.1 тэрбум ам.долларын торгууль ногдуулсан байна. Компанийг байгаль орчны хууль зөрчсөн гэж тус улсын шүүхээс үзжээ. Энэхүү шийдвэр нь Кумторын уурхайн үйл ажиллагаатай холбоотой хуулийн төслийг Киргизийн парламент баталсны маргааш гарсан аж. Тодруулбал өнгөрсөн баасан гаригт (2021.05.07) баталсан шинэ хуулиар, хэрэв хүрээлэн буй орчин, ард иргэдийн амь насанд аюул учруулах тохиолдолд уурхайн үйл ажиллагааг 3 сар хүртэлх хугацаанд Киргизийн төр удирдах эрхтэй болж байна.
Кумторын төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Centerra Gold” (“Кумтор голд”-ын толгой компани) нь уурхайн хаягдал чулуулгийг голын ойролцоо хаяж байгаль орчинд хор хохирол учруулсанд буруутгагдаж буй аж. Компанийн зүгээс, шүүхийн шийдвэрийг “ор үндэслэлгүй” хэмээн үзэж байгаа ба байгаль орчны холбогдох олон улсын бүхий л стандарт журмыг даган мөрдөж ажилладгаа мэдэгджээ.
Алтны томоохон ордын нэг Кумторын төсөлтэй холбоотой Киргизийн төр засаг болон Канадын компанийн хоорондын маргаан олон жил үргэлжилж байгаа юм. Сүүлд, өнгөрсөн аравдугаар сард тус улсын төрийн эрхийг авсан Ерөнхийлөгч Садыр Жапаровын захирамжаар Кумторын уурхайн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тусгай Ажлын хэсэг байгуулжээ.
Кумторын алтны ордыг 100% Канадын “Centerra Gold”-ын охин компани “Кумтор голд” эзэмшдэг. Харин Киргизийн Засгийн газар төрийн өмчит “Кыргызалтын” компаниар дамжуулан “Centerra Gold”-ын 26.28%-ийг эзэмшиж байна.
Уг орд нь 700 тонн алтны тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд гуравдугаар эрэмбэлэгддэг. Кумторын уурхайгаас 1997-2002 онд нийт 13.2 сая унц алт олборложээ. 2020 оны дүнгээр алтны олборлолтын хэмжээ 500 мянган унц аж.
Өнөөгийн байдлаар Кумторын уурхайн үйлдвэрлэл Киргиз улсын нийт экспортын гуравны нэгийг дангаар бүрдүүлж байна.
Э.Од