Э.Оджаргал /The Mongolian Mining Journal . Apr.2021/
Хөгжлийн бодлого шинээр томьёолсон Засгийн газар ажлаа эхлээд даруй 100 хоног болжээ. Нэг намын хоёр дахь засгийн үйл ажиллагааны явц болоод манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх эхний тоон үзүүлэлтүүд тодорч байна.
Эхний улиралд улсын төсвийн алдагдал 96 тэрбум төгрөгт хүрчээ. Гадаад худалдаанаас 2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн нийт экспортын 89%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэллээ. Уг нь түүхий эдийн экспорт эрчимждэг энэ саруудад Гашуунсухайт- Ганцмод боомтын үйл ажиллагаа хоёр ч удаа хаагдав. Улмаар зэсийн баяжмал, нүүрсний экспортоос алдагдсан боломжийн өртөг 600 сая ам.доллар. Одоо тус боомтоор өдөрт 70 орчим машин нүүрс, зэсийн баяжмал экспортолж байна. Энэ бол манай сульдсан эдийн засагт тун муу дохио. Улсын гол орлогын үүд хаагдах бодитой эрсдэл буй нь энэ.
Ерөнхий сайд, холбогдох салбарын сайдуудын хамт хилийн боомтуудын үйл ажиллагаатай танилцаж, төмөр замын бүтээн байгуулалтын явцыг өөрийн биеэр “тандлаа”. Сүүлийн жилүүдэд Засгийн газрын тэргүүн нар биечлэн очиж байж боомтын тээврийг нээдэг хоёр дахь тохиолдол юм. Монголын тал түүхий эдийн худалдаа, хил гаалийн асуудлаар Хятадын талтай төр засгийн түвшний яриа хэлэлцээр ахицгүй байгаа. Засгийн газрын тэргүүн Хятад улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөжээ.
Хямралын өнөөгийн бэрх үед, ерөөс манай цомхон эдийн засагт орлогын урсгал, шинэ хөрөнгө оруулалт нэн хэрэгтэй байна. Энэ жил манай улс төсөвт тооцсон 42 сая тонн нүүрс экспортлох боломж тун бага. Монголоос импортлох нүүрсний Хятадаас тогтоодог квотын жилийн хэмжээ 35 сая тонн байна. Одоогийн байдлаар манай улс экспортолсон 7 сая тонн, Гаалийн хяналтын Цагаанхадны бүсэд “овоорсон” 12 сая тонн нүүрсийг нэгтгэн тооцож, боомт дахь одоогийн нөхцөл байдлаас шалтгаалан оны эцэст төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай. Төмөр замын гарцуудаа нээхгүйгээр манай улс нүүрсний экспортоо ахиулж чадахгүй. Ирэх жилийн наадмын өмнө нээх хүлээлттэй Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын төсөлд тулгарсан асуудал бол хоёр улсын хилээр холбох цэгийг /20 км/ Хятадын талтай тохиролцох ёстой.
Төмөр замын адил арван жилийн өмнөөс яригдаж ирсэн Тавантолгойн нүүрсний үр өгөөжийг нэмэх Баяжуулах үйлдвэр, Цахилгаан станцын барилга угсралтын ажлууд энэ улиралд эхэлнэ. Манай улсын эдийн засгийг тэлэхүйц мега төслүүдийг бодитой ажил болгох үүрэг “отгон” Засгийн газарт ногдож байна. Дотоодын зах зээлээс 2 их наяд төгрөг татаж төслүүдээ санхүүжүүлэх зорилттой “ЭТТ бонд”-ын эхний арилжаагаар 677.7 тэрбум төгрөг төвлөрүүллээ. Энэ ажлуудыг тусгасан “А6-20” төлөвлөгөөгөөр “Эрдэнэс Тавантолгой” компани 2020-2025 онд нийт 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төслүүдийг хэрэгжүүлнэ.
Австралийн нүүрсний импортод хориг тогтоосноос хойш Хятадад коксжих нүүрсний үнэ өндөр байх төлөвтэй бол дэлхийн зах зээлд төмрийн хүдэр, зэс тэргүүтэй гол түүхий эдүүдийн ханш сүүлийн арван жилийн түүхэн дээд үзүүлэлтэд ойртжээ. Энэ арванд эрдсийн “супер мөчлөг”-т хөрөнгө оруулалтын “буум” тохиох таамгийн талаар “World cop¬per 2021” цахим чуулганы тэмдэглэлээс сонирхоно уу. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилт, “ногоон” хөгжлийн өрнөлд нэгдэх уул уурхайн компаниудын шийдлийг MMJ-ийн сэтгүүл энэ дугаартаа “шигтгэлээ”. Дэлхий дахинаа эрчимжсэн байгаль орчны өргөн цар хүрээтэй шилжилтэд зэс тэргүүлэх үүрэгтэй. Зах зээлд зэсийн эрэлт өсөх хандлагатай ийм цаг үед “Оюутолгой” төслийн шинэ шатны хэлэлцээрийг Засгийн газар эхлүүллээ.
Монголын төр “Дубайн төлөвлөгөө”-г цуцлах, Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах хатуу байр суурьтай байна. Хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн талыг Монголын иргэн ахлан хэлэлцээрт орж байгаа юм. Талууд мэдээлэл, ойлголтоо нэг болгохыг зорьж байгаа нь тун чухал.
УУХҮЯ-наас 25 санал дэвшүүлэн, эхний ээлжинд шаардлагатай баримт бичгийг жагсаалтын хамт “Рио Тинто” компанид хүргүүлжээ. Монголын эдийн засгийн эргэлтийн гол үйлдвэрлэлийн нэг “Оюутолгой” төслийг нийгэм эдийн засгийн нөлөө, цаашлаад геополитик болоод гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гэх мэт илүү том зургаар монголчууд бид харах учиртай. Далд уурхайн үйлдвэрлэл эхлэхэд ойртсон эгзэгтэй үед хэлэлцээрийг талууд ямар байр суурьтай эхлүүлж байгааг “Засаг, “Рио Тинто” хоёр Арбитр дээр халз үзнэ”-ээр дэлгэрэнгүй нийтэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль тойрсон намуудын тэмцэл Оюутолгойн хэлэлцээрийг хойшлуулав.
Монголчууд сонголтын өмнө иржээ, улс төрийн хувьд ч, уул уурхайн хөгжилд ч тэр. Дараагийн дөрвөн жилд Монгол Улсыг удирдах Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн сунгаа эхэллээ. 19 жилийн дараах Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Төрийн тэргүүнээр 6 жил ажиллах анхны Ерөнхийлөгч тодорно. Яг энэ заалт нэр дэвшигчдийн дунд ямар зөрчил, маргаан үүсгэж, улс төрийн амьдралд өрнөсөн үйл явдлуудыг тандсан “Ерөнхийлөгч Х.Баттулгад тавьсан Үндсэн хуулийн цэцийн бойкот” нийтлэлийг толилуулж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уул уурхайн салбарын хууль эрх зүйг шинэчлэх ажлууд идэвхжинэ. Намрын чуулганаар хэлэлцэхээр яригдаж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлд тусгах боломжит саналуудыг шинжлэн “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл” нийтлэлдээ сэтгүүлч Г.Идэрхангай өгүүллээ. Үндсэн хуулийн 6.2-т зааснаар, байгалийн баялгийг нийтийн ашиг сонирхлын тусын тулд хяналттайгаар ашиглана гэвэл төрийн өмчит компаниудын ханган нийлүүлэлт борлуулалт болоод эцсийн өмчлөгч ил тод байх ёстойг хуулийн төслийн Ажлын дэд хэсгийн гишүүн, ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг ярилцлагадаа тодотгосон юм. Энэхүү ярилцлагаар, эрдэс баялгийн салбарт тулгамдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт, орон нутгийн харилцаа болон хамтын ажиллагааны гэрээтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг тэрээр хөндөв.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг сэргээснээр энэ салбарт хөрөнгө оруулалт татах боломж нээгдэх юм. Эрдсийг түүхийгээр экспортолж буй өнөөгийн ашиг орлого улсын эдийн засагт голлох хувь нэмэр оруулж байгаа ч үүний дайтай үр өгөөжийг өгөхүйц уул уурхайн боловсруулалтын шатанд төрийн бодлого орхигдсон гэж УУХҮ-ийн сайд үзэж байна. Тиймээс 2025 он хүртэл жил бүр шат дараатай боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахаар зорьжээ. Олон жил яригдсан уул уурхай- металлурги-химийн үйлдвэрийн цогцолборыг “Эрдэнэт” үйлдвэрийг түшиглэн байгуулахдаа 10 мянган тонн катодын зэсийн үйлдвэрийг ирэх онд, 124.1 мянган тонн катодын зэсийн үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулах. Дотоодын гангийн хэрэглээний 30-50%-ийг хангах 350 мянган ган бүтээгдэхүүний үйлдвэрийн цогцолборыг хоёр жилийн дараа нээх үүрэг чиглэл сайд нар авсан.
Азийн хөгжлийн банкнаас энэ онд Монголын эдийн засаг 4.8% өсөх таамгийг дэвшүүлэв. 2020 оны хасах 5.3%-ийн огцом “уналтаас” өндийхөд КОВИД-19 нөхцөл байдал, Хятадын эдийн засгийн сэргэлтийн хурдац, эрдэс түүхий эдийн экспортын өсөлт, манай хөрөнгө оруулалтын орчин болон хувийн хэвшлийн зээлийн хандлагаас ихээхэн хамаарна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар гол үүрэг гүйцэтгэнэ. УИХ-ын намрын чуулганаар хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэнэ. Төр засгийн зүгээс бүтээлч, нээлттэй бодлогоор бэлэн төслүүдээ дэмжих аваас улсын эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалт татах таатай нөхцөл түүхий эдийн өндөр мөчлөг, гадаад зах зээлд бүрдэж байна.