Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох журмын төслийг хэлэлцэнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны А/ 28 тоот тушаалаар батлагдан 2020 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/16 тушаалаар нэмэлт өөрчлөлт орсон Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийг боловсруулж, холбогдох яамдаас санал авсан юм. Улмаар тус журмын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2021.05.12) цахимаар зохион байгуулахаар болжээ.

Олон нийтийн оролцоотой энэхүү хэлэлцүүлгээр  хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохдоо ямар асуудалд анхаарлаа хандуулж, зарчмын саналуудаа тусгах талаар хэлэлцэх аж. Гэхдээ уг төслийг бүрэн боловсруулаагүй байгаа бөгөөд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг танхимын болон цахимаар зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна хэмээн төсөлд тусгажээ. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, шударга өрсөлдөх, тэгш боломжоор хангах зарчмыг баримтлан олон нийтийн хяналт дор хэрэгжүүлэх бололцоог энэхүү журмаар нээж өгөх бололтой.

УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд “Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, дунд, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах, эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлнэ” гэж тусгасан. Энэхүү бодлогыг баримтлан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар төсөл оруулсан байна. Журмын төсөлд нийтлэг үндэслэлээс гадна  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбайг ялгах, бэлтгэл хангах, сонгон шалгаруулалтын урилга, сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргах, түүнийг бүртгэх, сонгон шалгаруулалтын үнийн болон техникийн саналыг нээх, үнэлэх, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох Сонгон шалгаруулалтын комисс бүрэлдэхүүний болон оролцогчийн эрх үүрэг зэрэг харилцааг  тусгасан байна.

Г.Идэр