Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

БАМ, Транссибирийн төмөр замыг өргөтгөх 780 тэрбум рублийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины захирамжаар, БАМ болон Транссибирийн төмөр замын шинэчлэн, өргөтгөх 2 дахь шатны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Тус улсын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустин хөтөлбөрийг батлан гарын үсэг зуржээ. 

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч даргалсан нүүрсний салбарыг хөгжүүлэх тухай хуралдаанаар хэлэлцсэн юм. Тэрээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор баруун чиглэлийн төмөр замын тээврийн сүлжээг өргөтгөх ажлыг 2024 онд багтаан эрчимтэй, маш тодорхой хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ. Энэ дагуу Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газар хөтөлбөрийг боловсруулаад буй аж. 

Хөтөлбөрөөр, 2024 он гэхэд БАМ болон Транссибирийн төмөр замын тээх хүчин чадал 1.5 дахин нэмэгдэж 180 сая тоннд хүрнэ. Ингэснээр жилийн нүүрсний экспортын хэмжээг 45 сая тонноор нэмэгдүүлэхээр тооцжээ. Эхний ээлжинд, Элга болон Огоджины ордын нүүрсний экспортын тээвэрт анхаарна гэж шинжээчид үзэж байна.      

Бүтээн байгуулалтын эхний шатны ажлыг энэ онд багтаан дуусгахаар төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд, нийт 670 км сүлжээ замыг нэмж барина. Дараагийн шатанд, нийт 1300 км сүлжээ замыг шинээр байгуулах аж.  

2024 он хүртэлх БАМ болон Транссибирийн төмөр замын шинэчлэн, өргөтгөх 2 дахь шатны хөтөлбөрийг 780 тэрбум рублиэр хэрэгжүүлнэ. 

Энэхүү томоохон хөтөлбөрийг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийн тулд, төмөр замын барилгын цэргийн бүх анги нэгтгэлийг дайчлах аж. Гэсэн хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажилд ойролцоогоор 15 мянган хүн шаардлагатай гэнэ. Тиймээс хорих ангиудаас нэмэлт хүчин авах асуудлыг судалж байна.   

Э.Од