Дэлхийн хэмжээнд нүүрстөрөгчгүй технологид шилжилтэд зэс, никель, кобальт, лити болон бусад металын нийлүүлэлтийг хангахын тулд ойрын 13 жилд уул уурхайн компаниуд нийт 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай. Ийм тооцоолол Их Британийн “Wood Mackenzie” байгууллагын судалгаагаар гарчээ.
Тус судалгааг удирдсан Жулиан Кеттл “2050-2060 он гэхэд олон орнууд нүүрстөрөгчийн ялгаруулалтаас бүрэн ангижрах зорилттой. Үүний тулд дотоод шаталтат хөдөлгүүртэй ердийн машиныг цахилгаан машинаар солих, сэргээгдэх эх үүсвэрт суурилсан эрчим хүчний системийг суурилуулах хэрэгтэй болно. Ногоон эрчим хүчийг “хуримтлуулахад” асар их хөрөнгө зарцуулна. Энэ бүгд металын эрэлтийг огцом нэмэгдүүлнэ” хэмээжээ.
Тэрээр, одоо уул уурхайн төслүүдэд хүрээлэн буй орчин, нийгмийн асуудал, компанийн менежментийн чанар зэрэг шаардлагууд өндөр тавигдах болсныг онцолсон байна. Тиймээс энэ шаардлагад хангалттай анхаарал хандуулаагүй улс орнууд үр ашигтай төслүүд хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад бэрхшээлтэй болж буй аж.
Э.Од