Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнэ буурчээ 

Түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өсөөд буй төмрийн хүдрийн ханш пүрэв гаригт 9.5%-иар буурчээ. Тухайн өдөр Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юанийн (188.66 ам.доллар) ханштай хаагдсан байна. Тус бирж дээрх төмрийн хүдрийн үнэ тавдугаар сарын эхнээс 23%-иар өсчээ.

Түүнчлэн, өчигдөр Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 1988 юань хүрч 3.9%-иар буурсан байна.   

Лхагва гаригт БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс, түүхий эдийн ханш огцом өсч буйн улмаас эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс мөнгө-зээлийн болон бусад санхүүгийн бодлогуудын зохицуулалтыг чангатгана гэдгээ мэдэгдсэн билээ.

Энэтхэгт цар тахлын халдвар нэмэгдэж, тус улсын төмрийн хүдрийн экспортод сөргөөр нөлөөлөх, мөн гуравдугаар улиралд төмрийн хүдрийн томоохон үйлдвэрлэгчдийн гарц буурч болзошгүй таамаг түүхий эдийн ханшийн өсөлтөд нөлөөлж буйг шинжээчид хэлж байна. Хятадаас бусад хэрэглэгч орнуудын эрэлт нэмэгдэхтэй холбоотой 2021 онд далайн тээврийн нийлүүлэлтэд хомсдол үүсч, улмаар төмрийн хүдрийн дундаж ханш 153 ам.доллараас буурахгүй гэсэн төлөвийг “S&P Global Market”-аас дэвшүүлжээ.

2021 оны эхний хагаст төмрийн хүдрийн ханш тогтвортой бус хэдий ч нийлүүлэлт хомсдолтой, ойрын жилүүдэд үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх томоохон төслүүд хэрэгжих төлөв үгүй учир ханш өндөр байх суурь нөхцөл бий. Мөн Хятадын эрэлт их хэвээр байна гэж “Moody’s Investors Service”-ийн шинжээчид үзэж байгаа аж.

Дэлхийн гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “ArcelorMittal” компанийн Ерөнхий захирал Адитьи Миттал, энэ онд дэлхийн гангийн эрэлт 4.5-5.5%-иар нэмэгдэнэ гэж таамаглаж байна.

Э.Од