Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох хуулийн төсөл боловсруулжээ

Улсын  тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах  хуулийн  төслийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өргөн барьж буйгаа (2021.05.14) онцоллоо. Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох зайлшгүй шаардлагатай байгааг тэрээр  тодотгоод  хуулийн төсөлд Архангай аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачин голын ай савыг тусгай хамгаалалтад авахаар тусгасан гэлээ.  Тус бүс нутагт байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл боловсруулагчид үзжээ.  Эдгээр  нь ураны маргаантай бүс нутаг байж ирсэн юм. 

Тухайлбал, сүүлийн хэдэн жилд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл тойрсон маргаан Захиргааны хэргийн гурван удаагийн шүүхээр хэлэлцэгдэж, улмаар Улсын дээд шүүхээс шийдвэр гаргасан юм. Хэдийгээр  бүс нутагт  хуулийн дагуу ашигт малтмал хайх, олборлох боломж хумигдаж байгаа ч энэ нь  уул уурхайг хязгаарлаж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг боомилсон хэрэг  биш гэдгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэл өгөх үеэрээ онцлов.

Сануулахад, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт “Нуклер Энержи Монголиа” компани ураны  хайгуулын өрөмдлөгийг 2009 онд эхлүүлэхдээ орон нутгаас зөвшөөрөл аваагүй талаар мэдээлэл гарч байсан билээ. Тухайн үеийн орон нутгийн удирдлагууд  тус компанийн үйл ажиллагааг зогсоохоор УИХ-ын гишүүд, холбогдох яаманд албан бичиг хүргүүлж Цөмийн энергийн газраас 2011 онд үйл ажиллагааг нь зогсоож байсан юм.  Үүнээс хойш буюу 2014 онд тус компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргасан ч шүүхээс хүчингүй болгож байжээ.   

Г.Идэр