Энэ оны дөрөвдүгээр сард, Хятад улс 97.85 сая тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтээр тооцогдож байна. Өмнөх сарын үйлдвэрлэлийн хэмжээнээс 4.1%-иар өссөн болохыг тус улсын Статистикийн ерөнхий хорооноос мэдээлжээ.
Өнгөрсөн сарын байдлаар, нэг өдрийн гангийн гарц 3.26 сая тонн буюу өмнөх сарынхаас 7.5%-иар нэмэгдсэн аж. Тэгвэл эхний дөрвөн сард Хятад улс нийт 374.56 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өмнөх оны мөн үеэс 16%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийн нэг төмрийн хүдрийн үнэ он гарснаас хойш 40%-иар нэмэгджээ. Тус улсын гангийн томоохон үйлдвэрлэлийн бүс нутаг Хэбэй мужийн үйлдвэрлэлийг хязгаарлах болсон нь түүхий эдийн үнэ өсөхөд нөлөөлж буйг шинжээчид тайлбарлаж байна.
Тухайлбал, Хятадын гангийн үйлдвэрлэлийн 15%-ийг хангадаг Таншан хотын үйлдвэрлэлийн гарцыг энэ онд 30-50%-иар танах зохицуулалт хэрэгжиж байгаа юм. Энэ нь томоохон аж үйлдвэрийн бүс нутгийн агаарын бохирдолтой тэмцэх төрийн бодлоготой холбоотой. Тухайн зохицуулалтын улмаас 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 30 сая тонноор буурч болзошгүй гэж судалгааны CRU байгууллагын шинжээчид үзэж байна.
Э.Од