Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Morgan Stanley”: II улиралд төмрийн хүдрийн ханш 200 ам.доллараас буурахгүй

Энэ долоо хоногийн эхнээс төмрийн хүдрийн үнэ 200 ам.доллар болж эргээд өсч байна. Хятадын Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 5.5%-иар өсч 195.26 ам.доллар (1256 юань) хүрчээ. Тэгвэл далайн хойд эргийн Циндао боомтод 62%-ийн агуулгатай төмрийн баяжмалыг 224.44 ам.доллараар худалдаалж байна. Хятадын аж үйлдвэрийн идэвхжил өндөр хэвээр байгаатай холбоотой төмрийн хүдрийн ханш эргээд өсч буйг шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Учир нь дотоодын зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлтийг хязгаарлах зорилтоор өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын төр засгаас аж үйлдвэрийн зарим томоохон бүс нутгийн үйлдвэрлэлийг танах зохицуулалтын арга хэмжээ авч эхэлсэн. Энэ нь зах зээлд болгоомжлол үүсгэн төмрийн хүдрийн ханш буурахад нөлөөлсөн. Тухайн зохицуулалтын мэдээллээр (2021.05.17) Далианы түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн гэрээт үнэ 7.5%-иар буурч 1217 юань буюу 188 ам.доллар болсон юм.

Хэдийгээр, Хятадын төрөөс агаарын бохирдолтой тэмцэх бодлогын хүрээнд энэ онд гангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхгүй байх бодлого барьж байгаа ч тус улсын үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээнд хүрэв. Тодруулбал, дөрөвдүгээр сард нийт 97.9 сая тонн ган үйлдвэрлэсэн нь хамгийн өндөр үзүүлэлтээр тооцогдож байна.

Консалтингийн “Mysteel” компанийн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт Хятадын зах зээлд Австрали, Бразил улсаас нийт 22.58 сая тонн төмрийн хүдэр нийлүүлсэн нь 2.24 сая тонноор буурчээ.

Хятадын гангийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч далайн тээврийн түүхий эдийн нийлүүлэлт хомсдолтой учир хоёрдугаар улиралд төмрийн хүдрийн ханш одоогийнхоос буурахгүй гэж хөрөнгө оруулалтын “Morgan Stanley” банк үзэж байна.

Э.Од