Өнөөдөр (2021.05.19) ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жинпин нар цахим уулзалт хийж, хоёр улсын хамтарсан төсөл АЦС-ын нээлтийн ёслолд оролцохоор төлөвлөжээ. Тодруулбал, Хятад улс дахь цөмийн эрчим хүчний 4 блок бүхий Тяньванийн АЦС-ыг ашиглалтад оруулж байна.
Оросын төрийн “Росатом” корпораци Тяньванийн АЦС-ын барилгын ажлыг гүйцэтгэсэн юм. Энэ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэр дундаа цөмийн эрчим хүчний салбар дахь хамгийн том төсөлд тооцогддог. Тяньванийн АЦС-ын эхний 1, 2 дугаар блокийн бүтээн байгуулалт 2007 онд эхэлсэн бөгөөд 2019-2020 онд онд 3, 4 дүгээр блокийг барьж дуусгасан байдаг.
Хоёр жилийн өмнө БНХАУ-ын дарга Си Жинпин ОХУ-д айлчлах үеэр цөмийн эрчим хүчний салбарт “Росатом” корпораци, Хятадын China National Nuclear Corporation (CNNC) хамтран ажиллах гэрээг үзэглэсэн билээ. Энэ хүрээнд, Хятадын Ляонин муж дахь “Сюйдапу” АЦС-ын 3, 4 дүгээр блокийг (шинэ үеийн “3+”) барьж байгуулах нийт 1.7 тэрбум ам.долларын төслийг 2021-2022 онд эхлүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар талууд тохиролцсон билээ.
Одоо “Росатом” корпораци Хятадад анх удаа хурдан нейтроны АЦС барих төслийг хэрэгжүүлж байна.
Э.Од