Үндэстэн дамнасан “Glencore” корпораци(LON: GLEN) нь БНАКонго улс дахь зэс-кобальтын “Mutanda“ төслийн уурхайн үйлдвэрлэлийг 2022 онд сэргээх болсноо мэдэгджээ. Зэс-кобальтын нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг тус үйлдвэрийн үйл ажиллагаа 2019 оны арваннэгдүгээр сард зогссон байна.
Хоёр жилийн өмнө Glencore” корпорацийн Гүйцэтгэх захирал Айвен Гласенберг мэдэгдсэнээр, үйлдвэрийг хаах болсон шалтгаан нь зах зээл дээр кобальтын үнэ буурч үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэн аж.
Тэгвэл энэ он гарснаас хойш зах зээл дээр кобальтын үнэ 40%-иар нэмэгдэж тонн тутамд 45 мянган ам.долларын ханшид хүрээд байна.
2018 оны үзүүлэлтээр,”Mutanda” уурхайгаас 109 мянган тонн зэс, 27.3 мянган тонн кобальт олборложээ.
Өнгөрсөн онд, “Glencore” корпораци нийт 1.3 сая тонн зэс, 27.3 мянган тонн кобальт гарган авсан байна. Тус корпораци нь дэлхийн зэсийн зах зээлийн 5%, кобальтын 20%-ийг нийлүүлдэг.
Цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэж буйн улмаас тус машины литийн аккумуляторт шаардлагатай гол түүхий эд кобальтын эрэлт өсч байна.
Судалгааны CRU байгууллагын мэдээллээр, ойрын гурван жилд дэлхийн кобальтын зах зээл харьцангуй тогтвортой байх бөгөөд энэ чиглэлийн шинэ үйлдвэрлэл нэмэгдэх төлөвгүй учир 2024 оноос хомсдол үүснэ гэжээ.
Түүнчлэн, "Glencore” нь зай хураагуур нийлүүлэгч “Umicore” компани болон уул уурхайн бусад томоохон үйлдвэрлэгчидтэй хамтран Конго улс дахь кобальтын үйлдвэрүүдийн нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг блокчейн технологийн тусламжтайгаар хянах үйл ажиллагааг эхэлжээ. Тодруулбал, Eurasian Resources Group (ERG), China Molybdenum (CMOC) хамтран уурхайгаас цахилгаан автомашин үйлдвэр хүртэлх түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг хянах шийдэл “Re | Source”-ийг туршиж байгаа юм.
Учир нь Конго улсад зарим уурхайд хүүхдүүд, эмэгтэйчүүдийг гар аргаар олборлолт хийлгэдэг талаар олон улсын хүний эрхийг байгууллагуудаас шүүмжилдэг.
Э.Од