Дөрөвдүгээр сард, Хятад улс 3.48 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Энэ нь өмнөх гуравдугаар сарынхаас 29.12%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.5%-иар тус тус буурсан байна.
Импортын дундаж үнэ тонн тутамд 158.86 ам.доллар байсан аж. 2020 оны мөн үеийнхээс 24.74 ам.доллар, гуравдугаар сарын үнээс 26.89 ам.доллараар илүү юм. Тавдугаар сарын 20-ны байдлаар, Хятадын зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 7.98%-иар буурч 1782.5 юань хүрчээ.
Оны эхний дөрвөн сард, тус улс нийт 14.74 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Өнгөрсөн оны мөн үеэс 45.6%-иар буурсан үзүүлэлттэй байна. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, тус улсын коксжих нүүрс импортолдог гол орнуудаас АНУ-ын нийлүүлэлтийн хэмжээ 46.9%-иар өсч Монгол, Орос улсынхаас давжээ.
Монгол Улсын статистикаар, дөрөвдүгээр сард 641 мянган тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны гуравдугаар сараас хойших хамгийн доогуур үзүүлэлт юм. Энэ сарын 11-нд “Монгол нүүрс” ассоциацаас зохион байгуулсан “Нүүрсний экспорт 2021” цахим хурлын үеэр, Хятадын судалгааны “Today Think Thank” байгууллагаас энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвийг дэвшүүлсэн юм. Монгол Улаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортолно гэж таамаглаж байна.
Э.Од