The Mongolian Mining Journal /March 2021/
Эрдэс баялгийн салбарын эдийн засагт үзүүлж буй нөлөө, хөрөнгө оруулалт болоод тусгай зөвшөөрөл, алтны чиглэлээр авч хэрэгжүүлэх бодлого төлөвлөлт, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл зэрэг асуудлаар УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяатай MMJ-ийн сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
Эдийн засгийн өнөөгийн хүнд цагт уул уурхайн салбар тогтвортой байхын ач холбогдлын талаар яриагаа эхэлье. Энэ талаар Та байр сууриа илэрхийлнэ үү?
2020 онд уул уурхайн салбар ДНБ-ий 22%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71%, экспортын 94%-ийг тус тус бүрдүүлсэн. Тухайн жил Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөгт хүрч 2019 оны мөн үеэс 1.6 их наяд төгрөг буюу 13.6%-иар буурсан. Үүнээс эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 2,673.3 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 246.6 тэрбум төгрөг буюу 8.4%-иар буурсанд КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөллөө.
Дэлхий нийтэд коронавирус эрчимтэй тархсантай холбоотой улс орнууд тодорхой хэмжээнд хөл хорио тогтоож, эдийн засгаа сэргээхээр ажиллаж байна. Манай улс ч мөн адил тодорхой арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж буй юм. Энэ хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг бууруулахгүй байх, зэрэгцээд Монголбанкинд тушаах алтны хэмжээг нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. 2020 онд 28.6 сая тонн нүүрс, 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортолсон бол Төв банк 23.6 тонн алт худалдан авч валютын нөөцийг арвижуулсан нь хүндрэлтэй нөхцөлд харьцангуй сайн үзүүлэлт гэж үзэхээр байна. Мөн (2020.12.13) Засгийн газрын 211 дүгээр тогтоолоор баталсан “Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний хэрэгжилтийг хангах” зорилгоор айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг тэглэхэд шаардагдах 650 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, сайжруулсан шахмал түлшний үнийн 75%-ийн төлбөрт шаардагдах 128 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан ажиллаж байна. Монгол Улсын 2.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд нийт 179.8 тэрбум төгрөгийн ногдол ашиг “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн онд хуваариллаа. Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх асуудлыг Салхитын мөнгө, алтны ордыг ашиглах төслөөс орох орлогоос шийдвэрлэлээ. Энэ бүгдээс харахад, эдийн засаг болон нийгэмд үзүүлэх уул уурхайн салбарын нөлөө үлэмж их. Цаашид уул уурхайн салбарын хэвийн үйл ажиллагаа, эдийн засгийн өсөлтийг хангах нь чухал. УИХ-ын чуулганы (2020.08.28) хуралдаанаар хэлэлцэн баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын арга хэмжээг УУХҮЯ-наас хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна.
Ингэхэд уул уурхайн салбараас хэр хэмжээний орлого Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан төвлөрүүлж байна вэ?
Төсвийн тухай хуулиар АМНАТ-ийн орлогын 65%-ийг Ирээдүйн өв санд, 30%-ийг Төсвийн тогтворжуулалтын санд, 5%-ийг холбогдох аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилдаг. Санд төвлөрүүлэх нийт орлогын 73%-ийг уул уурхайн салбараас төвлөрүүлж байгаа юм. Салбараас төвлөрүүлэх орлогын бүтцийг задалж үзвэл, дотоодын НӨАТ-ын 5%, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30%, АМНАТ-ийн 5%, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 100%, олон улсын төсөл, хөтөлбөрөөс олгох урамшуулал, дэмжлэг, АМНАТ-ийн орлогоос улсын чанартай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгчийн төлсөн нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 10%, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50% байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ахиу олгосон, уул уурхайн олборлолт боловсруулалтын салбар хөгжсөн сумдад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 100%-ийг, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50%-ийг, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос улсын чанартай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгчийн төлсөн нөөц ашигласны төлбөрийн орлогыг хассан зөрүүний 10%-ийг тус тус шууд орлогоор “Орон нутгийн хөгжлийн сан”-д очиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 21 аймаг, 365 сум бүр Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаар дамжуулан уул уурхайн салбараас тодорхой хэмжээний төсвөө бүрдүүлж байгаа юм.
Монгол Улсын алтны салбарын нөөц чадамж, ирээдүйн хөгжлийг Та хэрхэн харж байна?
Монгол Улсын валютын нөөцийг бүрдүүлэх эх үүсвэр болдог алт нь чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн. Алтны бүртгэгдсэн нийт нөөцийн хэмжээ (Оюутолгойн алтны нөөцийг оруулахгүйгээр) 489.5 тонн байгаагаас 90 орчим хувь нь үндсэн ордод, үлдсэн 10% нь шороон ордод ногдож байна. Үндсэн ордын алтны нөөцийн ихэнх нь зэс, хар тугалга, цайр зэрэг ашигт малтмалын ордод дагалдах байдлаар байдаг.
Өнөөгийн байдлыг авч үзвэл, алтны шороон ордын нөөц хомстож, уул техникийн нөхцөл хүндэрч, хөрс хуулалт ихтэй шороон ордуудаас алт олборлож байгаа юм. Мөн цөөн тооны үндсэн ордод олборлолт хийж байна. Бусад ашигт малтмалтай харьцуулахад алтны олборлолтод зам тээврийн гадаад дэд бүтэц шаарддаггүй. Борлуулалтад хүндрэл гардаггүй. Иймээс цар тахал дэгдсэн эдийн засгийн хүнд энэ цаг үед, цаашид ч алт олборлолтыг нэмэгдүүлэх, ялангуяа алтны үндсэн ордуудын нөөц баялгийг өсгөх чиглэлээр сэдэвчилсэн геологи хайгуулын судалгаа шинжилгээний ажлыг эрчимтэй явуулах, тусгай зөвшөөрөл олголтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой бодлогоор дэмжих чиглэлтэй ажиллаж байна.
УУХҮЯ-наас “Уул уурхайн олборлолтоос боловсруулалтын үе шатанд шилжих 4 жил” хэмээн “Дисковер Монгол” чуулган дээр мэдэгдсэн. Энэхүү зорилтод багтсан алтны салбарын бодлого, чиглэлийг дэлгэрэнгүй танилцуулна уу. Ямар үр дүнд хүрнэ гэсэн хүлээлт байгаа бол?
Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нь нийгмийн дэмжлэг, хөрөнгө оруулагчдын итгэлцэл дээр тогтдог. Тиймээс салбарын бодлогыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байлгах, ил тод байдлыг хангах, иргэд олон нийтэд зөв ойлголт өгч, бүх түвшинд нээлттэй хамтран ажиллах нь чухал юм. Иймд салбарын яамнаас Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Алтны хувьд ашиглалтын төслийн техник технологид шинэчлэлт хийж, хаалтын менежментийг бүрдүүлэхийн зэрэгцээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг эрчимжүүлэх, алтны сэдэвчилсэн судалгааг хийж гүйцэтгэх бодлого баримталж буй. 2016-2020 онд гүйцэтгэсэн алтны сэдэвчилсэн судалгааны дүнд “Хойд бүргэдэй” зэрэг алтны ордыг нээн илрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдсэн. Нөгөөтэйгүүр, алтны боловсруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ-ын чуулганы (2020.08.28) хуралдаанаар хэлэлцэн баталсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үнэт металл цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулна” гэж туссан. УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд яамнаас Алт цэвэршүүлэх үйлдвэрийн судалгааны ажлыг бүрэн гүйцэтгэж, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх зорилттой.
Алтны үндсэн ордуудыг ашиглалтад оруулахад бодлогоор дэмжихдээ юунд анхаарч ажиллах вэ?
Яамнаас алтны ашиглалтын төсөл хэрэгжүүлэгч нарт хөнгөлөлттэй зээл олгох ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсний зэрэгцээ хайгуулын ажлын тайлан, орд ашиглах ТЭЗҮ-ийг цахимаар хэлэлцэж шийдвэрлэх ажлуудыг ч зохион байгуулж байна. Цаашлаад баяжуулах үйлдвэрлэлд шаардагдах химийн урвалжийг ашиглах зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэх чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөсөн.
Ашигт малтмал, тэр дундаа алтны хайгуулын тусгай зөвшөөрлийн олголт, одоогийн нөхцөл байдлын талаар талаар мэдээлэл өгнө үү?
Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож байна. Харамсалтай нь шинээр олгож байгаа тусгай зөвшөөрлийн тоо хангалтгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Тухайлбал 2020 онд хайгуулын 40 тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд нэг тусгай зөвшөөрлийг олгоход шаардагдах хугацаа дунджаар 35 хоног байна. Салбарын яам, агентлагийн зүгээс өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэх зорилгоор сонгон шалгаруулалт хийх чиг үүрэг бүхий 2 комисс томилсон.
Уул уурхайн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт хэр үзүүлэлттэй байна вэ? Ер нь манай алтны салбарыг гадаадын хөрөнгө оруулагчид хэр сонирхдог бол?
Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтаас манай улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) өндөр хамааралтай гэж хэлж болно. 2020 оны жилийн эцсийн байдлаар, уул уурхайн хөрөнгө оруулалт нь манай улсын ГШХО-ын 71%-ийг бүрдүүлж байна. Тэгэхээр уул уурхайд орж буй хөрөнгө оруулалт нь дан ганц салбарын төдийгүй манай улсын макро эдийн засгийн тогтвортой байдалтай шууд хамаатай гэж хэлж болно. Тиймээс салбарт орох хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэхийн тулд яамнаас хуулийн хүрээнд одоогийн хөрөнгө оруулагчидтай нягт хамтран ажиллахын сацуу бодлогын хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нэн тэргүүнд бид хөрөнгө оруулагчдыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байна. Геологи хайгуулын салбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэхдээ эрх зүйн зохицуулалтыг эргэн харах, ил тод, нээлттэй байх, тэгш оролцоог хангах, хялбаршуулах боломжийг судалж байна.
Геологи, хайгуулын мэдээллийг хөрөнгө оруулагчдад түргэн, шуурхай хүргэхэд чиглэсэн томоохон ажил бол Үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөр юм. Олон улсын жишигт нийцсэн геологи, судалгааны ажлын тайлангийн каталог “МонгеоКат” системийг Австрали улсын Засгийн газрын дэмжлэгтэй хөгжүүлсэн. Уг систем ашиглалт орсон цагаас өнөөг хүртэл дэлхийн 78 орны 5045, дотоодын 15.8 мянган хэрэглэгчийн 144 мянган хандалтыг авсан нь өндөр үзүүлэлт юм. Эдгээр болон төлөвлөсөн бусад ажлууд хэрэгжсэнээр геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхээс гадна хайгуулын шатанд хөрөнгө оруулагчдад учирдаг эрсдэлийг бууруулна гэж үзэж байна. Нөөц нь тогтоогдсон томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, боловсруулах, үйлдвэрийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт, технологи зайлшгүй шаардлагатай тул энэ чиглэлд ч тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
2020 оны аравдугаар сард Монголбанк болон арилжааны банкны удирдлага, алтны салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай санал солилцох уулзалтыг УУХҮЯ-наас зохион байгуулсан. Уулзалтаар аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс гарааны зээл олгох ажлыг эрчимжүүлж тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт олох боломжтойг дурдаж байсан юм.
Үүнийг ажил хэрэг болгон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нарын хамтарсан тушаалаар баталсан журмын хүрээнд алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудад гарааны хөнгөлөлттэй санхүүжилт олгох боломжийг бүрдүүлэхэд анхаарсан хэрэг.
Ярилцлагын үргэлжлэлийг The Mongolian Mining Journal сэтгүүлийн
2021 оны гуравдугаар сарын дугаараас уншина уу.