Оны эхний дөрвөн сард, Хятадын уул уурхайн томоохон 90 компани нийт 940 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.4%-иар өсчээ. Үүнээс 710 сая тонныг тэргүүлэгч 10 компани олборлосныг тус улсын Нүүрсний үндэсний ассоциаци (CNCA) мэдээллээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс 69.37 сая тонноор өссөн үзүүлэлт аж.
Томоохон 10 компанийн тухайд, Хятад улсын нүүрсний нийт олборлолтын 55%-ийг бүрдүүлж байна. Эдгээрээс 8 компанийн үйлдвэрлэл өссөн байна.
Энэ онд Хятад улс 1.19 тэрбум тонн коксжих нүүрс олборлох урьдчилсан төлөв гарчээ. Нүүрсний уурхайнуудад хийх хяналт шалгалтыг чангатгаж, энэ хүрээнд аюулгүй байдал, байгаль орчны шалгалт явагдаж буйтай холбоотойгоор олборлолт төдийлөн нэмэгдэхгүй гэж зарим шинжээч таамаглаж байна.
2020 оны хувьд, Хятадын нүүрсний нийт олборлолтын хэмжээ 3.84 тэрбум тонн, үүнээс 1.15 тэрбум нь коксжих нүүрс юм. Тухайн жил тус улс 4.04 тэрбум тонн нүүрс хэрэглэсэн нь өмнөх оныхоосоо 0.6%-иар нэмэгдсэн байна. Харин импортоор 303 сая тонн нүүрс авснаас 72.57 сая тонн нь коксжих нүүрс байв. Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, өнгөрсөн онд Монгол Улсаас 23.8 сая тонн коксжих нүүрс импортолжээ.
Э.Од