Канадын “Айвенхоу Майнз” компани БНАКонго улсад “Камоа-Какула” төслийн зэсийн уурхайг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө (2021.05.25) ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл баяжмалаа боловсруулах Хятадын зэс хайлуулах “Lualaba” үйлдвэртэй 10 жилийн хугацаатай гэрээг “Айвенхоу Майнз” (2021.06.03) байгууллаа. “Камоа-Какула” уурхайн зэсийн анхны баяжмалыг зургадугаар сарын 1-нд үйлдвэрт хүргэсэн ба эхний ээлжинд жилд 150 мянган тонн эцсийн бүтээгдэхүүн гаргах аж.
Зэс хайлуулах “Lualaba” үйлдвэрийн 60%-ийг Хятадын “China Nonferrous Metal Mining Group” (CNMC), 40%-ийг “Yunnan Copper” компаниуд эзэмшдэг. Тус үйлдвэртэй хамтрах гэрээ хэлэлцээр бүтэн жил үргэлжилжээ. Үйлдвэр БНАКонго улсын Колвези хотоос 40 км-ийн зайд оршдог байна.
“Камоа-Какула” төслийн хүрээнд, уурхайд жилд 3.8 сая тонн хүдэр баяжуулах үйлдвэр бүтээн байгуулсан. Бүрэн хүчин чадлаар жилд 805 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөтэй. Төслийг хэрэгжүүлэгч “Айвенхоу Майнз”-ийн үүсгэн байгуулагч Роберт Фридландын тодорхойлсноор, “Камоа-Какула” нь дэлхийн зэсийн 2 дахь том уурхай болох төлөвтэй. Уг төслийг Канадын “Айвенхоу Майнз” компани (39.6%), Хятадын “Zijing Mining” групп (39.6%) тус тус эзэмшиж байгаа бол 20% нь БНАКонго улсын Засгийн газрын мэдэлд байдаг.
“Mining Intelligence” байгууллагын мэдээллээр, Камоа-Какула орд нь 37.9 сая тонн зэсийн нөөцтэй. “Айвенхоу Майнз” компанийн тооцооллоор, ордын нийт нөөц 43 сая тонн гэж мэдэгдэж байгаа юм. Тэгвэл уг төсөл нь дэлхийн дөрөв дэх том зэсийн орд болно гэж “Wood Mackenzie”-ийн судалгаанд тэмдэглэсэн байна.
Э.Од