Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“GlobalData”: Дэлхийн ураны олборлолт жилд 6.2%-иар тогтмол өснө

2021 онд дэлхийн ураны олборлолт 3.1%-иар буюу 51.2 мянган фунтээр нэмэгдэнэ гэж  “GlobalData”—аас мэдээлжээ. Энэхүү өсөлтөд нөлөөлөх гол үйлдвэрлэл бол дөрөвдүгээр сард үйл ажиллагаа нь сэргэсэн Канад дахь “Cigar Lake” уурхай аж. Цар тахлын улмаас 2020 оны эхний улиралд тус уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. “Cigar Lake” нь дэлхийн ураны үйлдвэрлэлийн 12-13%-ийг бүрдүүлж байна.   

Энэ онд томоохон олборлогч орнуудаас Казахстаны үйлдвэрлэл 15.5%, Орос улсынх 5.2%-иар өсөх таамгийг “GlobalData” дэвшүүлжээ. Харин Австралийн “Ranger” уурхай хаагдаж буйтай холбоотойгоор тус улсын ураны олборлолт 21.2%-иар буурах магадлалтай гэнэ. 

Дэлхийд ураны үйлдвэрлэлээр тэргүүлэгч Казахстан улс өнгөрсөн онд дөрвөн сарын хугацаанд бүх ураны уурхайнуудын олборлолтыг танажээ. КОВИД-19-ийн нөхцөл байдал бусад үйлдвэрлэгч орнууд Австрали, Намиби болон Өмнөд Африкийн олборлолтод ч сөргөөр нөлөөлсөн.

“GlobalData”-ын судалгаагаар, дэлхийн ураны олборлолт жилд 6.2%-иар тогтмол өсч 2025 он гэхэд 65.2 мянган фунтэд хүрнэ хэмээн урьдчилан тооцжээ.

Сүүлийн үед зарим улс орон цаг уурын дулаарлын эсрэг бодлого зорилтдоо цөмийн эрчим хүчний хэрэглээг тусгаж байна. Тухайлбал АНУ нь атомын цахилгаан станцуудын ашиглах хугацааг 100 жилээр нэмэгдүүлэх асуудлыг судалж буй. Тус улс АЦС-д 40 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгодог бөгөөд нэг удаа 20 жилээр сунгах нөхцөлтэй аж. 

Хятад, Япон, Өмнөд Солонгос болон Европын холбоо зэрэг нь уур амьсгалын өөрчлөлтийн бодлогоо 2020 онд шинэчилсэн нь ирээдүйд цөмийн эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх хандлагыг бататгаж байна гэж “GlobalData”-ын шинжээчид үзжээ.  

Э.Од